Миний гэр бүл бол хорин жилийн турш намайг дэмжсэн захын хамт олон
Хүн эрүүл бол хоосон хонох тухай ойлголт байж байхгүй. Ямар нэг хөдөлмөр хийх л болно гэж даруухан инээмсэглэх Х.Оролгоо 1993 оноос эхлэн бум бужигнасан Дархан захад үйлчлэгчээр ажилд орсон. Тэтгэвэрт гарахад хамт олон нь түүнд нэг метр хэмжээтэй жижиг дөрвөлжин талбай гаргаж өгснөөр тэрээр олонтойгоо ажиллах дараагийн ажлаа эхлүүлсэн. Зах дээр худалдаа эрхлэгчдэд буцалсан ус зарах болсон. Тэрээр манай захынхан намайг ус зардаг болохоор Лусын дагина л гэж дууддаг.
Өглөө захын хаалга онгойход зэрэгцэн ирж усаа буцалгаж эхэлсэн түүний ажил зах тарахад өндөрлөнө. Хорин жилийн турш нэг ч өдөр худалдаа эрхлэгчдээ ус, цайгаар тасалж байгаагүй гэж тэрээр ярьж байна. Захын хамт олноосоо холдвол өнчирсөн мэт мэдрэмж төрдөг. Тэд миний гэр бүл минь болсон гэж баяр хөөртэй инээмсэглэнэ.
Сар ажиллаад 30.000-40.000 мянган төгрөгийн цалин авдаг. Дөрвөн хүүхэдтэй ээжид унааны мөнгө ч үлддэггүй байсан болохоор нэмэлт орлого олох санаагаа олсон нь энэ. Хүүхдүүддээ нэг дэвтэр ч болов авах нэмэлт орлоготой болохын тулд буцалсан усаа 50 төгрөгөөр зарж эхэлсэн. Одоо халуун сав ус 600, усны сав, аягатай бол 100-200. Хажуугаар нь цай, кофе сонголт нь 7-8 нэр төрөл. Сард 7 тонн орчим ус хэрэглэсэн байдаг гээд бодохоор өдөрт тоолох аргагүй олон аяга ус буцалгана. Орлогоосоо ус, цахилгааны төлбөрөө төлнө. Үлдсэнийг нь ач зээдээ, амьдралдаа зарцуулна.
Мөнгийг их бага гэж голоод ажил хийдэг хүмүүсийг маш их гайхдаг. Миний хувьд 50, 100, 200 төгрөгийг бага гэлтгүй хуримтлуулж дөрвөн хүүхдээ хүний зэрэгт хүргэсэн. Худалдан авагчид минь цангачих болов уу гээд ажлын цагаар хаашаа ч явахыг хүсдэггүй. Өвлийн улиралд гадаа худалдаа эрхэлж байгаа хүмүүстээ эхлээд ус, цайгаа өгнө. Дараа нь дотор лангуунуудаар явж үйлчилнэ.
Зах гэдэг өнөр өтгөн гэр бүлийн нэг гишүүн болж нэг ч өдөр өнжихгүй усаа зарж дөрвөн хүүхдээ хүний зэрэгт хүргэсэн минь хамт олны минь дэм. Зарим нь миний найз, дүү, үр хүүхдээс өөрцгүй би олонтойгоо яваа азтай хүн.