Бидний мэдэх Аяа буюу Ц.Цэнд-Аюуш: Үүрийн 04 цагт эхэлдэг ажлын минь үр шим Аяа нэрийн бүтээгдэхүүнүүд юм – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

Бидний мэдэх Аяа буюу Ц.Цэнд-Аюуш: Үүрийн 04 цагт эхэлдэг ажлын минь үр шим Аяа нэрийн бүтээгдэхүүнүүд юм

Арав гаруй жил үүрийн дөрвөн цагт ажлаа эхлүүлж байгаагийн үр дүнд бид олуулаа болсон. Дэлгүүрүүд үүдээ нээхтэй зэрэгцэн өглөө бүр үйлчлүүлэгчдэдээ шинэ кимбаб хүргэж өгөх эрхэм зорилгоо биелүүлэхийн тулд эртэч хамт олон болж чадсан.

Ц.Цэнд-Аюуш: 40 саяын зээлээр авсан 3 өрөө байраа ажлын байр болгоод нэг махны модтой л цех байгуулах зорилго тавьж ханьтайгаа хамт зориг шулуудан орж байсан саяхан мэт. Гэтэл өнөөдөр би биш бид гэж ярих 12 ажилтантай цех болж өөрийн гэсэн ажлын байртай болжээ.

Амьдралынхаа шинэ өглөө бүрийг хамтдаа угтдаг эртэч хамт олондоо ирээдүйд тус дэмтэй явна даа гэж би боддог гэж бидний мэдэх Аяа буюу Ц.Цэнд-Аюуш гэх хөдөлмөрч бүсгүй бидэнтэй хуучлав.

Бидний мэдэх Аяа кимчи, кимбабын хамт олны бүтээгдэхүүний нэр төрөл өргөжиж тахианы махтай, хиамтай, үхрийн махтай кимбаб, амтат бургер, Аяа нэрийн бууз банш, амталсан гахайн мах бэлтгэн зах зээлд нийлүүлж байна.

Тэд өглөө бүр халуун, шинэ кимбаб дэлгүүрүүдэд хүргэхдээ урьд өдрийн буцаалтаа авч гахайгаа хооллодог, кимчи, кимбаб, буузандаа ордог ногоогоо тарьж, ногооны хаягдлаа гахайндаа өгдөг байна. Үндсэндээ бүтээгдэхүүндээ орж байгаа нарийн ногоо, хүнсний ногоо, махыг өөрсдөө бэлтгэдэг болохоор өдөр бүр шинэ, эрүүл хүнсийг иргэдийн гарт боломжийн үнээр хүргэх бодлого барьдаг гэв.

Солонгос улсад хоолны газарт ажиллаж байгаад ирэхдээ эхлүүлсэн өрхийн бизнес нь өнөөдөр цөөнгүй хүнийг цалинжуулж, олон хүнд танигдсан нь бүтээгдэхүүнээ хийхдээ сайн чанарын эко материалыг хэрэглэдэг нь онцгой нөлөөлдөг гэж Аяа ярив. Кимбабны байцаагаа гэхэд л Солонгосоос авдаг, цагаан будаагаа л гэхэд маш сайн дэвтээж угаагаад сайн чанарын будааг сонгож хэрэглэдэг. Чанар, амт бүтээгдэхүүний зах зээлд эзлэх байр суурийг бүрэн тодорхойлдог болохоор нэгдүгээрт чанарыг эрхэмлэдэг гэв.

Хоол үйлдвэрлэлийн салбарт амжилттай ажиллаж, ариун цагаан хөдөлмөрөөрөө аж ахуйгаа өргөжүүлж яваа түүний хувьд улс жижиг дунд үйлдвэрлэгчдийг бодлогоор дэмжих тал дээр оновчтой анхаарч чадвал эх орондоо үйлдвэрлэж, ажлын байр нэмэгдүүлж, улсын хөгжилд дэм өгөх ЖДҮ олон бий гэдгийг хэлж байсан юм.

Ургах нартай уралдан үйлдвэрлэлээ эхэлж, өдөр бүр шинэ бүтээгдэхүүнээ үйлчлүүлэгчдэдээ хүргэдэг арав гаруй жилийн түүхтэй орон нутгийн ЖДҮ болох Бат Бүрэн Толгой ХХК буюу бидний мэдэх Аяагийн амтат бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэсгээс энэ удаад хуваалцлаа.

 

 

Холбоотой мэдээлэл

Back to top button