Э.Мөнхмандах: Аз жаргалтайгаар мандала зурахаар ирдэг хүмүүс олон болсон

Dream yoga төвийн үүсгэн байгуулагч Мөнхмандах багш иогийнхоо төвийн дэргэд зургийн урлан 8 жилийн өмнө үүсгэн байгуулж байжээ. Урлангаа түшиглэн мандала зурах сургалтыг сүүлийн нэг жилийн хугацаанд тогтвортой явуулж байна.

Барууны орнуудад сэтгэл заслын нэг хэлбэр болсон Мандала бүтээх сургалтад бүх насныхан суралцаж, сэтгэл тогтуун, анхаарал төвлөрч суугаад аз жаргалтайгаар бүтээлээ дүүргэхийг харах мэдрэмж гайхалтай байдаг гэж тэрээр хэлж байсан юм.
Э.Мөнхмандах багш хэлэхдээ Мандала нь энергийн төв. Мандала байгаа газраа эерэг энерги татаж, сөрөг энерги хааж өгдөг. Тиймээс өөрийн гараар мандала зурж гэртээ ажлын байрандаа байрлуулах, найз нөхдөдөө бэлэглэх хандлага их болсон. Өнгө хүний сэтгэл зүйд сайнаар нөлөөлдөг. Тиймээс олон өнгө дунд хөглөгдөн аз жаргалын даавар ялгаруулан сэтгэлийн ур шингээн бүтээлээ урладаг гэсэн юм.

Мандала зурахдаа зөвхөн хавтангаар хязгаарлахгүй бүхий л төрлийн зүйлд тусгадаг байна. Жижиг түлхүүрийн оосроос эхлээд чимэглэл, декор зэрэгт гараар бүтээсэн гоёмсог мандалаг тодоор тамгалан бүтээдэг байна.
Мандала зурахад аз жаргалын даавар ялгарч бясалгал болдог. Иога бясалгал хоёр салшгүй холбоотой учир иогийн багш хүний хувьд мандала бүтээлүүдэд татагдан хоббигоо болгосон гэж тэрээр ярив. Стрессээс үүдэлтэй эрүүл мэндийн олон асуудалд зогсолт хийхэд Мандала сургалт бясалгал болж өгдөг байна.

Дотоод гоо зүйн мэдрэмждээ тулгуурлан Мандала зурах шинэ хоббитой болж гэр бүл, найз нөхөд, хамт олноороо Dream yoga сургалтын төвийн мандала сургалтад хамрагдах хүмүүс олон болжээ.



