Нарантуяа: Амьдралын хатууг сөрөх сэтгэлийн хат намайг дуучин болгосон
Би мэргэжлийн дуучин биш амьдралын дуучин. Хорь орчим жилийн өмнө охин бид хоёр эмчилгээгүй гэсэн онош сонсож хүнд өвчинтэй тэмцэж байхдаа охиныхоо эмчилгээний зардлыг олох гэж анх удаа гудамжинд дуулж байсан. Анхны тоглолтоо Дархан хотод хийж хүмүүсийн нижигнэсэн сайхан алга ташилт дор өндөрлөсөн нь тэр цагаас хойш худалдааны төвүүдээр ая дуугаа өргөн явах алхмыг тавьсан гэж Нарантуяа ярьж байна.
Тэрээр юу чаддагаараа амьдрах болсон нийгэмд олон түмнийг баясгаж амьдралынхаа хүндийг сөрөн 18 жил гудамжинд охинтойгоо дуулж байна. Бид сэтгэлдээ гэрэлтэй амьдралын дуучин. Өнгөрсөн он жилүүдэд ард түмнийхээ сэтгэлийн сайхнаар аж төрж хүнд өвчнийг ялан дийлж байгаадаа баяртай байдаг гэв.
Бүжигчин мэргэжилтэй түүний хувьд олон хүн бужигнасан худалдааны төвүүдээр явж 18 жилийн хугацаанд дуулахдаа энэ нийгэмд хүн өөрийн боломжоороо ямар нэгэн хөдөлмөр хийх хэрэгтэй. Амьдралынхаа хүндийг ч сөрөн босож, ялан дийлж, сэтгэлийн тэнхээгээрээ аз жаргалтай амьдралыг бүтээх боломжтой гэж хүмүүст уриалж явна.
Манай ард түмэн зөвөө дэмждэг сайхан хүмүүс. Олон түмнийхээ урам, дэмээр эх орныхоо бүх сумдаар явж ард олондоо тоглолтоо өргөн барих мөрөөдөлтэй гэж бидэнтэй хуваалцсан юм.
Хүний хөлд дарагдсан худалдааны төвүүдийн гадна хүмүүсийн алга ташилтад урамшин илүү чангаар илүү итгэлтэй дуулах ээж, охин хоёр ард олны сэтгэлд шингэсэн хуучны сайхан дуунуудаараа хөглөгдөн аз жаргалтайгаар дуулна.