Орц, хонгил, дулааны худагт амьдардаг иргэдийг нийгэмшүүлэхэд анхаарна
Орон гэргүй учир өвлийн хүйтэнд дулааны худагт хоног төөрүүлдэг иргэд бий. Идэр есийн жавар тачигнахаас өмнө орц, хонгил, дулааны худагт хонож байгаа иргэдийг түр байраар хангаж, хооллож, хувцаслав. Эрүүл мэндийн хувьд анхаарч тодорхой эмчилгээ хийж, сэтгэл заслын үйлчилгээ үзүүлнэ. Дараагаар нь түр ажлын байраар хангах юм.
Инженер, багш гэх мэт дээд боловсрол эзэмшиж нэгэн цагт улс нийгэмдээ хөдөлмөр эрхэлж явсан иргэд ч бор дарсанд орж орон гэргүй болж түр хамгаалах байранд ирсэн тухай ярив.
2020 оны 4 дүгээр улирлын байдлаар 40 гаруй гэр оронгүй, тэнэмэл иргэд орц, хонгил, дулааны худагт амьдарч байна гэсэн судалгаа байна.Аймгийн онцгой комиссын шийдвэрээр эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор гэр оронгүй гадуур хоног төөрүүлдэг иргэдийг 3 сарын хугацаатай түр байранд байрлуулах ажлыг зохион байгуулж байна.
Иргэдийг зам талбайн цас цэвэрлэгээний ажилд хамруулахаас эхлээд нийгэмшүүлэх ажлыг шат дараатай зохион байгуулна гэв. Ирэх оноос байнгын ажиллагаатай төвтэй болно. Уг төвдөө гэр оронгүй иргэдийг байлгаж, хөдөлмөр эрхлүүлж, нийгмийн амьдралд тэгш оролцох боломжийг бүрдүүлнэ гэж үзэж байна.