Хүүхдийнхээ 20.000 төгрөгөөр эхэлсэн бизнес минь 21 аймагт хэрэглэгчтэй болж өргөжсөн
Зах зээлд худалдаалагдаж байгаа хүүхдийн тоглоомын 98 хувь нь БНХАУ-аас импортоор орж ирдэг гэсэн судалгааг сонсоод цэцэрлэгийн багш бүсгүйд тоглоом хийх санаа анх төржээ. Жирэмсний амралтаараа гэртээ суух хугацаандаа мөрөөдлөө бодит болох эхний алхмыг амжилттай тавьсан нь эсгий тоглоом хийж эхэлсэн үе юм.
Х.Мөнхзаяа: Цэцэрлэгийн багш мэргэжил минь эсгийгээр сургалтын хэрэглэгдэхүүн хийхэд нөлөөлсөн. Хүүхэд насны мөрөөдлөө биелүүлж өөрийн гараар урласан тоглоомоор дүүрэн дэлгүүртэй болсон. Бизнес гэж харж эхлээгүй ч хобби минь надад бизнес хийх боломжийг олгож өөрийн амьдарч байгаа Дархан-Уул аймагтаа төдийгүй Улаанбаатарт салбар дэлгүүр байгуулж 21 аймагт захиалагчтай болсон.
Эрүүл ахуйн шаардлага хангаагүй тоглоомууд хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна гэдэг мэдээллийг сонсоод гарын доорх хамгийн аюулгүй материал болох эсгийгээр тоглоом хийж эхэлсэн байна.Анхны захиалгаа аваад урам орж илүү олон цэцэрлэгийн хэрэглэгдэхүүн хийхээр сэтгэл шулуудсан багш бүсгүй хамгийн анхны үйлчлүүлэгчийнхээ захиалгыг үнэ төлбөргүй хийж өгч байжээ.
Тод урлахуй цэцэрлэгийн сургалтын хэрэглэгдэхүүний гол үйлчлүүлэгчид цэцэрлэгийн багш нар байдаг. Тэдний хувьд хэрэглэгдэхүүн авахаас гадна, хэрэглэгдэхүүн хийх материалаа тогтмол авдаг болохоор үйл ажиллагаанд мэргэжил нэгтэй багш нар минь хамгийн их дэмжлэг болдог гэв.
Хүүхдийн тоглоом хийх хүүхэд насныхаа мөрөөдлийг амжилттай биелүүлж ажил хэрэг болоход санхүүгийн дэмжлэг шаардлагатай байсан.АНУ-ын ОУ-ын хөгжлийн агентлагийн санхүүжилттэй BEST хөтөлбөрийн тэтгэлэгт хамрагдаж ажлын багаж, бараа материалаа авсан байна. Тод урлахуй хоёр салбар нээж тодорхой тооны ажилтантай болж өргөжсөн. Мөрөөдлөө бодит болгож чадсан Мөнхзаяа бүсгүйн бүтээгдэхүүн 21 аймагт хэрэглэгчтэй болж чадсан байна.