Түцнээс эхэлсэн бизнес компани болсон түүх
Хөдөөнөөс орж ирсэн залуу хос мал зарсан мөнгөө цүнхэлж яваад бизнес хийхээр шийдсэн гэв. Тэд 18-ын буудлын хажуугийн түцнүүдийг хараад түц ажиллуулах шийдвэр гаргажээ. Хамгийн захын түц дээр очоод худалдагчаас нь танайх түцээ зарах уу гээд л асуучихсан гэж Б.Болор хэлэв /инээв/
Үнэ тохиролцоод цүнхэн дэх 900.000 төгрөгөө гаргаад өгчхөөд барааныхаа нэр, үнийг ч мэдэхгүй үлдэж байсан тухайгаа бидэнд хуучлав. Одоо бодоход ямар нэг бичиг баримт ч харахгүй, зарах барааныхаа үнийг ч асуухгүй үлдэж байж дээ гэсэн юм.
Б.Болор: Эхнэр бид хоёр түцэндээ наймаагаа хийж, лангууны арын жижиг хэсэгт амьдардаг байсан. Хоёр хүн зэрэгцээд хэвтэх боломжгүй жижиг зайд 3 жил гаруй хугацаанд ажиллаж амьдарсан орлогоороо нэг өрөө байр, унах унаатай болж билээ. Ажил хөдөлмөрт шунах нь хүний амьдралыг илүү амттай болгодог гэв. Удаах жилүүдэд амьдралын шаардлагаар гэрийнхээ гал тогоог бууз баншны цех болгосон. Айлууд мэргэжлийн хяналтад гомдол гаргаж тэр тэмцэл дунд бяцхан бизнес маань ч худалдан авалт муу байсан тул талх хийж эхлэхээр шийдсэн нь өнөөдрийн ‘Өсөх Өгөөмөр’ компани.
Өвлийн хүйтэнд үүрийн таван жинтэй уралдан сэрээд л үсний сэнсээр түцнийхээ цонхны шилний мөсийг хайлуулж бусдаас түрүүлж анхны худалдан авагчаа угтдаг байсан гэр бүлийн хосууд өнөөдөр нарийн боовны үйлдвэр ажиллуулж 26 хүнийг ажлын байраар хангаж байна.
Цаг тухай үедээ л нийцүүлж бүтээгдэхүүнээ гаргадаг. Цар тахлын үед сонгинотой гамбир хийж байнгын хэрэглэгчтэй болсон. Цар шинийн баярыг тохиолдуулан тавгийн ‘Гүрмэл‘ боов хийж байна гэв.
Худалдан авагчтай байж бид оршин тогтнож байна. Тиймээс хэрэглэгчдийн сайн, муу ямар ч санал хүсэлтийг шуурхай хүлээн авдаг. Асуудал байгаа бол аль болох хурдан засаж шийдвэрлэдэг. Ингэж л бид хэрэглэгчидтэйгээ урт хугацааны турш түншилж, үйл ажиллагаагаа өргөжүүлж байна гэсэн юм.