П.Нямпүрэв:Зарим хүмүүс итгэхгүй л байх би ноходтойгоо ярьдаг, бүрэн ойлголцож чаддаг
Хүүхэд байхдаа хөдөө эмээтэйгээ хамт амьдарч байсан. Тэд үед бид хоёр нэг нэг монгол банхар тэжээж байсан. Хотоо мандах, хонь малаа хариулахад банхар бараа болно бас үнэнч туслагч байлаа. Хэдэн жил гадаадад амьдраад ирэхэд монгол банхар ховордож байна гэдэг асуудал анхаарал татсан. Тиймээс монгол банхар авч тэжээж, үржүүлэх, улмаар байх ёстой газарт нь хүргэхэд анхаарч эхэлсэн. Тайж монгол банхар НҮТББ байгуулан монгол банхар үржүүлгийн газар байгуулсан.
Анх дөрвөн жилийн өмнө нэг охин нохой авч тэжээсэн. Өнөөдрийн байдлаар том, жижиг нийлсэн 30 гаруй нохойтой. Нохойн гөлөг тэжээгээд мөнгө олж байна гэдэг байдлаар асуудлыг харах зарим нэг хүн байдаг. Миний хувьд эсрэг байр суурьтай байдаг. Ашиг харах гэхээсээ илүү энэ бол миний хобби, амьдралын нэг хэсэг, эрч хүч авдаг зүйл юм. Мэдээж энэ бүхний эцсийн зорилго монгол банхар байх ёстой газраа хөдөө амьдрах.
Миний тэжээж өсгөсөн Хасар гэхэд л одоо 4 настай Монгол банхар клубын 2020 оны аварга, 2021 оны мөнгөн медаль хүртсэн. Монгол нохойд дэлхийн аль ч улсын нохойд байдаггүй бүх сайхан чанарууд байдаг гэж боддог.
Эзэндээ хамгаална шаардлагатай бол амиа ч хайрлахгүй, аюул тулгарахыг сануулна, мэдээ дамжуулна гээд мөн ч ухаантай даа. Хүмүүс итгэхгүй л байх гэхдээ би ноходтойгоо ярьдаг. Маш сайн ойлголцдог. Хамгийн ухаалаг нохой монгол банхар хаа нэг хашаанд биш хөдөө талд, монгол нутагтаа хотоо манаад эзэндээ үнэнч түшиг болж байхыг л харах дуртай.