Ж.Сайнбуян: Бид дотоодынхоо буйдангийн хэрэгцээг бүрэн хангах боломжтой
Ноён сэнтий буйдангийн үйлдвэрийн үүсгэн байгуулагч Ж.Сайнбуян 4 жилийн өмнө ганцаараа эхлүүлж байсан бизнесээ өргөжүүлж өнөөдрийн байдлаар зургаан хүнийг ажлын байртай болгосон байна. Ноён сэнтий захиалгаар буйдан хийх, сэргээн засварлах үйл ажиллагаагаа явуулж ойролцоох аймгуудаас захиалагчтай болсон төдийгүй цаашдаа илүү өргөжүүлж, ажлын байраа нэмэгдүүлэх зорилготой.
Монгол малынхаа түүхий эдээр үндэсний хэв маяг бүхий цор ганц загварын буйдан үйлдвэрлэж Дэлхийн зах зээлд гаргах мөрөөдөлтэй залуусын хувьд монголчууд нэмүү өртөг шингээгүй буйдангаа эх орондоо чанартай үйлдвэрлэж дотоодынхоо хэрэгцээг хангах бүрэн боломжтой гэж үзэж байна.
Тэрээр хийе бүтээе гэсэн хөдөлмөрч залуус олон байна. Гол нь гарааны санхүүжилт дээр очоод гацах нь харамсалтай санагддаг. Тиймээс үйлдвэрлэл эрхэлж, дотоодын зах зээлээ хангах боломжтой ажил хэрэгч санал санаачилга биеллээ олоход зориулагдсан тодорхой дэмжлэг байх нь маш том түлхэц болно гэж үзэж байлаа.
Гадаадын гоёмсог, чамин нэр бодож олохоосоо илүү энгийн бөгөөд хүндэтгэл дүүрэн нэр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүндээ шошго болгоё гэж нэрийдсэн нь Ноён сэнтий юм. Бидний үйлдвэрлэсэн, сэргээн засварласан буйдан дээр гэр бүлээрээ тохь тухтай тухлан сууж аз жаргалтай дурсамжаа бүтээж байгаасай гэж хүсдэг гэв.
Брэнд үйлдвэрлэгч дугаарын энэ удаагийн онцлох зочин бол залуус зорилгоо тодорхойлон хийж үзэх гэсэн санаагаа биелүүлж болохын тод жишээ болсон Ж.Сайнбуян юм.