Хүүхдийн жилд 3 шүд эмчлүүлэх зардлыг ЭМДС-аас даана
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2023 оны зургаадугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар эрүүл мэндийн даатгалын сангаас олгох санхүүжилтийн чиглэлээр хэрэгжиж байгаа журам, тогтоолуудад шаардлагатай өөрчлөлтүүдийг оруулж, батлуулжээ.
Ингэснээр эрүүл мэндийн даатгалын санг батлагдсан төсөвт багтаан үр ашигтай зохион байгуулах, иргэн даатгуулагчдын амь насыг аврах, нэн шаардлагатай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг даатгалын сангаас бүрэн хариуцах, иргэдийг эрүүл мэндийн асуудлаас үүсэх санхүүгийн эрсдэлээс хамгаалах, үр ашиггүй тусламж, үйлчилгээний тоо хэмжээг бууруулах, тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулж, чанарыг сайжруулахад чухал ач холбогдолтой. Тогтоол, журмуудад орсон өөрчлөлтүүдийг танилцуулж байна.
Хүүхдийн шүд, амны хөндийн тусламж, үйлчилгээг өргөжүүлж алслагдсан сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс урьдчилан сэргийлэх, эмчлэн эрүүлжүүлэх боломжийг бүрдүүллээ.
Хүн амыг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд нийцсэн урьдчилан сэргийлэх тусламж, үйлчилгээнд хамруулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна гэж ЭМДЕГ-аас мэдээлж байна. Урьдчилан сэргийлэх үзлэгийн дүнгээр хүүхдийн шүдний өвчлөл их байгаа тул лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагад 1 шүдний эмчилгээг 60,000 төгрөгөөр, жилдээ 3 шүд эмчлүүлэхээр, мөн сум, тосгоны эрүүл мэндийн төвд 90,000 төгрөгөөр, жилдээ 3 шүд эмчлүүлэх зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхээр болжээ.