Хясаан мөөг ургуулж, өдөр бүр шинэ мөөг хэрэглэгчдэд хүргэж байна
Махны хэт их хэрэглээтэй монголчуудын хувьд мөөгийг махтайгаа хольж бүх төрлийн хоолондоо хэрэглэх нь эрүүл мэндэд чухал ач холбогдолтой гэж Найрамдал мөөг хүлэмжид ургуулж зах зээлд гаргаж байгаа ээжүүд хэлж байна.
Өдөрт 20 кг шинэ хураасан мөөг худалдаанд гаргаж байна. Нэг удаа мөөг авсан хүмүүс эргээд л мөөгөө авъя гээд ирдэг байна. Өдөр бүр өндөг иддэгтэйгээ адилхан өдөр бүр хүнсэндээ мөөг хэрэглэх нь эрүүл мэндэд олон талын ач тусаа өгч байгааг ээжүүд хэлж байна.
Тээвэрлэж холоос ирдэг мөөгийг хүнсэндээ хэрэглэхээс илүү дотооддоо ургуулж байгаа органик мөөгийг худалдан авах хандлага их байгаа тул Найрамдал мөөг хоршооныхон цаашид илүү олон нэр төрлийн эмчилгээний мөөгнүүдийг ургуулах төлөвлөгөөтэй байна.
Хөдөлмөрөөрөө хоршиж, хүмүүст хэрэгцээтэй бүтээгдэхүүн бэлтгэж, өдөр бүр хүлэмждээ тодорхой цаг зарцуулж байгаа хоршооны ээжүүд ажлынхаа үр шимд сэтгэл хангалуун байна.
Мөөгний хэрэглээг хоол хүнсэндээ түлхүү оруулж, хүмүүсийн байнгын хэрэглээ болгохын тулд хоолны сургалтыг зохион байгуулж, ач холбогдлыг нь таниулахад хоршооны гишүүд анхаарч ажиллахыг зорьж байна. Өөрсдийн гараар тордож ургуулсан мөөгөө өдөр тутам хүнсэндээ хэрэглэж үр шимийг нь хүртэж байгаа болохоор илүү олон хүнд ийм боломж олгохын тулд Дархан Уул аймагтаа мөөг тарих хүсэлтэй хүмүүсийг хоршоондоо нэгтгэж, сургалтад хамруулан хамтран ажиллаж илүү өргөжин ажиллахаар төлөвлөж байна.