Н.Байгальмаа: Үйлдвэр нь биш юмаа гэхэд тавчикны цехтэй болохыг мөрөөддөг
Дархан нэхий компанид эсгүүрчин байсан тэрээр тэтгэвэр суухдаа оёдол сонирхож даавуун тор, машины хучлага, морины нэмнээ оёж эхэлжээ. Дээшээ харсан бүтээгдэхүүн гэж билэгдэн нэхий тавчик оёж Нарантуул зах дээр бөөндөж зардаг байжээ. Худалдан авагчид олон болохын хирээр урамтай ураглаж гэрийн шаахай хийдэг ажиллаа эрчимжүүлж жижиг ажлын өрөө түрээсэлж орон нутагтаа арьсан гадартай, нэхий дотортой тавчик оёж худалдаалж эхэлсэн байна.
Савхины өөдөс ашигладаг нэхийгээ хямдралтай үед нь авч бүтээгдэхүүнээ хийдэг болохоор үнэтэй зарах гэж боддоггүй. Урд зүгийн тавчик авах үнээр дулаахан, хөнгөхөн, эрүүл мэндэд ээлтэй, эдэлгээ даах гэрийн шаахай оёж зардаг болохоор худалдан авалт хийсэн хүмүүс гэр бүлээрээ, хамт олноороо заавал дахин худалдан авалт хийдэг гэв.
Нэхий, савхи, түрийтэй, угладаг гээд захиалагчийн хүссэн загвараар хэмжээгээр нь бүтээгдэхүүнээ хийдэг. Өвлийн хүйтэн, жавартай сэрүүн өдрүүдэд өмсөхөд хөл нь дулаахан угтаасай л гэж сэтгэлээ шингээдэг гэсэн юм. Түүний оёсон арьсан илгэн тавчик 15.000 нэхий дотортой нь 20.000 төгрөгийн үнэтэй байна.
Монгол үйлдвэрлэгч улс болох ёстой. Ингэхийн тулд хүн бүр чаддаг чаддаг зүйлээ маш сайн хичээж хийх ёстой. Миний хувьд гэртээ ажил дотроо ч өмсөх боломжтой арьс, нэхий тавчикаа оёж үр хүүхдэдээ зааж сургаж, жижиг цехтэй ч болов болох юм сан гэж боддог гээд инээмсэглэв.
Нэг удаа худалдан авалт хийгээд ахин дахин ирдэг үйлчлүүлэгчдээ хараад урамтай байдаг. Нэг удаа настай эмээ бэлэгтэй ирсэн. Чиний оёж өгсөн тавчик гурав дөрвөн жил өмссөн. Энэ насандаа элээхгүй юм шиг байна гээд эгчдээ захиалж байсан. Хүмүүсийн сайхан сэтгэл, урмын үгээр л өдий зэрэгтэй өөрийгөө өнгөлөн өөдрөг ажилтай орлоготой амьдарч байна даа гэж бидэнтэй хуучилсан юм.
Үйлдвэрлэгч бүхний үйлс өргөжин тэлж үндэсний үйлдвэрлэл сэргэх болтугай.