Ахмадын хөдөлмөр хөгжлийн бирж байгуулагдсан байна
Дархан-Уул аймгийн хэмжээнд 13000 орчим ахмад настан байдаг байна. Нийгмийн харилцаанд оролцож ажил хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмадуудыг ажлын байран зуучлах зорилгоор Ахмадын хөдөлмөр хөгжлийн биржийг байгуулсан гэж Дархан сумын Засаг даргын орлогч П.Ихбаяр мэдэгдэв.
Ахмадын хөдөлмөрийн бирж төсөл 2024 оны 4-р сараас эхлэн хэрэгжүүлэх юм байна Эхний ээлжид Дархан хот тохижилтын газарт 24 ахмадыг ногоон байгууламж дээр ажиллуулахаар болсон байна. Ахмадуудыг хагас өдрөөр буюу 4 цаг ажиллуулж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулах юм байна. Эхний ээлжид бүртгэсэн 24 ахмадыг хот тохижилт, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа үзүүлдэг газруудтай хамтарч ажиллуулахаар болжээ.
4-р сарын 3-ны өдрөөс эхлэн дээрх 24 иргэн Дархан Хот тохижилтын газартай гэрээ байгуулан ажиллах юм байна. Тэдний хамгийн ахмад нь 82 настай иргэн байна.
Тэтгэврээс гадна нэмэлт орлоготой болох хэрэгцээ иргэдэд бий. Тэр дундаа 13000 ахмадын 67 хувь нь дөнгөж тэтгэвэрт гарсан хүмүүс буюу 50-65 насныхан эзэлж байгаа гэдэг судалгаа анхаарал татаж байна.
Ахмадын хөдөлмөрийн бирж төслийн хүрээнд 100 ахмадыг хамруулах төлөвлөгөөнд тусгасан бөгөөд нөөц боломждоо тулгуурлан эхний шатанд 24 ахмадад ажил олгох боломжтой байна гэв. Олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, ААНБ-уудтай санал солилцох замаар тодорхой үр дүнд хүрнэ гэсэн төсөөлөлтэй байна. Ахмадын хөдөлмөр хөгжлийн биржийн ажлыг цаашид Дархан сумын ахмадын хороо хариуцаж ажиллах юм байна.