АМЬДРАЛЫН ЦЭНЭГ/М.Оюун-Эрдэнэ Үнэгүй худалдаж аваарай дэлгүүрийн санаачлагч
Тэрээр ажлын газрын үүдэнд байрлах манаачийн жижиг байрыг ашиглан хүмүүсийн хэрэглэхгүй байгаа хувцас цуглуулж, хэрэгцээтэй хүмүүст нь өгөх ажлыг эхлээд 2 сар болж байна. Хүмүүс их сэтгэлээрээ ханддаг. Дандаа угааж цэвэрлэсэн цэвэрхэн хувцаснууд авч ирдэг. Нэг нь өгч байхад зөрүүлээд нөгөө нь аваад явж байгаа дүр зургийг харахад хамгийн гоё мэдрэмж төрдөг.
Үнэгүйгээр худалдаж аваарай гэдэг нь өөрийн хэрэглэхгүй байгаа хуучин, шинэ хувцас хүний хэрэглэж болох зүйлийг авчирч өгөөд өөрт хэрэгцээтэй байгаа зүйлсээ сольж авах дэлгүүр юм. Мөн амьдралын боломжгүй хүмүүст цугларсан бэлэн хувцаснаас ямар ч нөхцөлгүйгээр сонгоод авах боломж нээлттэй.
Олон хүүхэдтэй айл өвөл болоход бүгдэд нь дулаахан хувцас аваад өгөхөд энэ цаг үед хүнд тусна. Тиймээс олон хүүхэдтэй, амьдралын боломж тааруу байгаа айлд хувцас хүргэж өгдөг. Маш их баярлалаа л гэдэг. Би хариуд нь хэрэгтэй хэн нэгэнд өгөөрэй гэсэн хүмүүсийн сэтгэлд талархаарай л гэдэг дээ.
8 хүүхэдтэй эгч ах хоёр ирдэг. Дандаа шинэ хувцаснууд авчирч өгдөг. Явахдаа хуучин хувцаснаас аваад явдаг. Хүүхдүүдийнхээ хуучин хувцсыг өгөх гэсэн юмаа гэж аавууд залгасан. Ихэнх нь шинэвтэр хувцас шатааж байснаас хэн нэгэнд хэрэг болно гээд өгсөн. Хайрцаг дүүрэн хувцас авчирсан хүмүүс байсан. Тэр их сэтгэлийг хараад өөрөө аваад байгаа юм шиг, өөрөө өгөөд байгаа юм шиг маш их баярлаад байдаг юм байна.
Манай ажлынхан бүгд дэмжсэн. Дотор засвар хийх гэх мэт. Дэлгүүр нь жижиг ч оролцож байгаа хүмүүс их байдаг. Даваа гарагийн өглөө бүр ирэхдээ нэг нэг тортой юм авчирдаг. Зөвхөн хувцас гэхгүй ном, хэрэглээгүй ахуйн бүтээгдэхүүн, хүнс ч авчирдаг хүмүүс ч бий. Хүн бүрийн авчирсан эд зүйлс хэрэгцээтэй хүндээ хүрч байна гээд болохоор цаанаасаа нэг гоё баяртай байдаг.