Алслагдсан хэсгийн малчдад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна

Энэ сард малчдын эрүүл мэндийг дэмжих сар болгон зарласан. Дархан–Уул аймгийн 4 сумын хэмжээнд алслагдсан хэсгүүдэд амьдарч байгаа малчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өрхийн эмнэлэгүүд, эрүүл мэндийн газартай хамтран зохион байгуулж байна.
Алслагдсан багийн өрхүүдэд жилд 2-3 удаа явуулын үзлэг хийдэг. Ингэснээр тэр бүр төвийн эмнэлэгт очиж үзүүлэх боломжгүй иргэд, жирэмсэн ээжүүд, ахмад настан, 0-5 насны хүүхдүүдэд тогтмол тусламж үйлчилгээ үзүүлж, хүрч үйлчилж байна.

Өрхийн эмнэлэгийн эмч нараас гадна, нарийн мэргэжлийн 7-8 төрлийн эмч нар ч мөн үзлэг, оношилгоо хийж үйлчилгээ үзүүлдэг. Үүнд дотор, зүрх судас, хэвлийн эхо, цус шээсний шинжилгээ, хүүхдийн эмч, мэдрэлийн эмч нар байгаа юм.

Явуулын үйлчилгээгээр үзлэг хийн сахарын шинжилгээ /түргэвчилсэн/, хелико–бактерийн шинжилгээ /түргэвчилсэн/, мөн 2019 оноос эхлэн зөөврийн эхотой болж шаардлагатай иргэдийг хэвлийн эход хамруулж байна.

Алслагдсан хэсэгт оршин суудаг малчин өрхүүд явуулын эрүүл мэндийн үйлчилгээнд сэтгэл ханамж дүүрэн байгаагаа ч мөн дурдлаа.




