2050 км замыг мориор туулж эхний аялал хийсэн Мөнгөнморьт сумын сурагчид анх удаа галт тэргэнд сууж аялал үргэлжлүүлж байна
Төв аймгийн Мөнгөн морьт сумын харьяа ахмад багш, бэлтгэл офицер Д.Буянбат сумын сургуулийнхаа сурагчдыг эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист түүхэн дурсгалт газруудаар аялуулах ажлыг санаачилсан байна.
Багш, сурагчид 2019 онд Дорнод аймгийн Чойбалсан хотод болсон Халхын голын байлдааны 80 жилийн ойн баярын морьт жагсаалд Төв аймгийн Мөнгөн морьт сумаас оролцохдоо 20 гаруй хоногийн турш 2050 км замыг морьтой туулсан юм.
Харин өнөөдөр Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчний 101 жилийн ойг тохиолдуулан хувьсгалын өлгий нутаг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум руу галт тэргээр түүхэн дурсгалт газрын аялал амжилттай үргэлжлүүлж байна.Аяллын багт дунд ангийн сурагчид, дуу хөгжмийн багш, нийгмийн ажилтан багтсан байна.
Тэд Алтанбулаг сумын сургуулийн багш, сурагчид, эцэг эхчүүдэд морин буухиа аяллынхаа талаар сонирхуулж, өсвөрийн дайчдын Жавхаа хамтлагийнхаа урлагийн үзүүлбэрүүдийг толилуулах юм. Төв аймгийн хамгийн хол сум Мөнгөнморьт сумын ЕБС-ийн дунд ангийн сурагчид анх удаагаа галт тэргэнд сууж аяллаа үргэлжлүүлж байгаадаа баяртай байлаа.
Аяллын санаачлагч Д.Буянбат багш сурагчдад цэрэг эх оронч хүмүүжил олгох, эх орноороо бахархах сэтгэгдэл төрүүлэх, түүхэн дурсгалт газруудаар морь, галт тэрэг, авто машин, онгоцоор аялах зорилго тээж байгаа тухай бидэнтэй хуваалцсан юм.
Эх орныхоо дурсгалт газруудыг тойрон аялах багш, сурагчдын их үйлст нь амжилт хүсье.