Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн эм холбооны төвийн бүсийн чуулган Дархан-Уул аймагт болж байна
Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн эм холбооны төвийн бүсийн чуулга, уулзалт 3-р сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тус чуулганаар эм зүйн салбарын болон орон нутаг дахь үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал-сайн туршлага-санал шийдлийг хэлэлцэж тодорхой асуудлуудыг дараагийн шатны хурал холбогдох байгууллагад хүргэхээр боллоо. Чуулганд Улаанбаатар, Дархан-Уул, Орхон, Булган, Сэлэнгэ аймгуудын төлөөлөл оролцож төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагаа уялдаа холбоог сайжруулах асуудлуудыг хөндөн ярив.
Эмийн үйлдвэрлэлээс гадна эмнэлгийн хэрэгслээ дотооддоо хийж чадаж байна. Төрийн бодлогоор үндэсний үйлдвэрлэлээ дэмжих асуудлыг хуулийн хүрээнд зохицуулах шаардлагатай гэдэг асуудал ч хөндөгдсөн юм. Нэг үеээ бодвол бид дотооддоо нэг удаагийн зүү тариур, дуслын шингэн үйлдвэрлэж чадаж байна. Бүрэн хүчин чадлаа дайчлах боломж олговол дотооддоо хэрэглэж байгаа эм бэлдмэлээ өөрсдөө үйлдвэрлэх боломж нөхцөл байна.
Ковидтой холбоотой сүүлийн хоёр жилийн хугацаанд салбартай холбоотой хууль тогтоомж, тогтоол шийдвэрийг хамт суугаад нягтлах боломжгүй байсан эм зүйч, эм найруулагч, эмийн мэргэжилтнүүдээс гадна бодлогын хэмжээнд мэдээллээр ханган ажилладаг холбооны төлөөллүүд, салбарын удирдлагууд санал бодлоо хуваалцаж байгаадаа таатай байв.
Чуулганаар гарах санал санаачилга эм эмнэлгийн хэрэглэгдэхүүний хуулийн шинэчилсэн найруулгад тусгагдах юм.