Байшин төсөлд сонгогдсон өрхүүд сарын хугацаанд байшингаа барьж дуусгана
Байшин төслийн сонгон шалгаруулалт гурван үе шаттай зохион байгуулагдаж өнөөдөр сүүлийн шат буюу шалгаруулалтын эцсийн шатанд тэнцсэн залуу гэр бүлүүд ажлын хэсгийнтэй ярилцлага хийв. Тэд төслийн санхүүжилтээр авсан материалаараа сарын хугацаанд байшин барих хүн хүч, байшинтай болсноор аж амьдралаа хэрхэн сайжруулах талаарх төлөвлөгөөгөө хуваалцав.
Залуу гэр бүлүүдийг байшинтай болгох төслийн сонгон шалгаруулалтыг шударга, ил тод байлгах зорилгын хүрээнд сонгон шалгаруулалтын ажлын хэсэгт төр, төрийн бус байгууллага , хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоод, иргэд болон төсөл хэрэгжүүлэх ажлын хэсгийн төлөөллөөс бүрдсэн 7 хүн бүрэлдэхүүнтэй сонгон шалгаруулах баг ажиллаж эхний шатанд ирүүлсэн 29 өрхийн материалтай танилцаж хоёрдугаар шатанд шаардлага хангасан 13 өрхийн судалгаан дээр ажилласан юм.
Хоёрдугаар шатанд шалгарсан өрхүүдийн гэрээр төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийнхэн явж материал бүрдүүлэлтэд тусгасан зураг, нөхцөл байдалтай газар дээр нь танилцав.
Өнөөдөр буюу гуравдугаар шатны шалгаруулалтад тэнцсэн таван өрх Аймгийн ЗДТГ-т төслийн сонгон шалгаруулах багийнхантай ярилцлага хийв. Тэд төсөлд хамрагдах хэрэгцээ шаардлага, амьдралын нөхцөл, төслийн шаардлага шалгуурыг хангаж буй эсэх асуудалд илүү дэлгэрэнгүй тайлбар хийж, сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүдийн сонирхсон асуултад хариулт өгөв.
Захын гэр хорооллын өрхүүдийн амьдралыг сайжруулах, залуу гэр бүлүүдийг өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгөтэй болоход дэмжлэг үзүүлэх, эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдийн амьдрах таатай орчныг бүрдүүлэхэд талуудын оролцоог нэмэгдүүлэх замаар зорилтот бүлгийн залуучуудын хөгжлийг дэмжих ажлын хүрээнд байшин төслийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байна.
Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллага, орон нутгийн захиргаа хамтын хөрөнгө оруулалт хийх замаар 3 айлыг байшинтай болгох зорилго тавьж нийт 97 сая төгрөгөөр санхүүжилтээр гурван өрх амьдралын чанараа сайжруулж байшинтай болно.