Байшин төсөлд шалгарсан 3 өрх батламжаа гардан авлаа
Өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгөтэй болох, мөрөөдлийн байшингаа барих санхүүгийн дэмжлэгт хамрагдах хүсэлтэй 29 залуу гэр бүл Байшин төсөлд хамрагдахаар эхний шатны шалгаруулалтад материалаа ирүүлсэн байна. Талуудын оролцоотой төслийн сонгон шалгаруулалтын ажлын хэсгийнхэн гурван шатны сонгон шалгаруулалт явуулж шалгарсан 3 гэр бүл өнөөдөр төслийн багийнхнаас батламжаа гардан авсандаа сэтгэл дүүрэн байна.
Байшин төсөлд шалгарч батламжаа авахаар ирсэн гурван гэр бүлийн хувьд 6-8 ам бүлтэй. Батламжаа авахаар ирсэн өрхийн 21 гишүүдийн 15 нь баяр хөөр дүүрэн аав ээжтэйгээ хөтлөлцөн ирсэн хүүхдүүд байв. Мөн энгэртээ алдарт эхийн одон гялалзуулсан ээжүүд батламжаа гардан авахаар ирсэн нь энэхүү үйл ажиллагааны онцлох чимэг байлаа.
Шалгарсан өрхүүдийн хувьд өөрийн эзэмшлийн хашаандаа барилгын материалаа хүлээн авснаас хойш нэг сарын хугацаанд байшингаа барьж дуусгах юм. Залуу гэр бүлүүдийг өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгөтэй болоход дэмжлэг үзүүлэх, Захын гэр хорооллын өрхүүдийн амьдралыг сайжруулах, эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдийн амьдрах таатай орчин бүрдүүлэх зорилготой залуучуудын хөгжлийг дэмжих ажлын хүрээнд байшин төслийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байна.
Дархан-Уул аймаг 2022 оныг Хүүхэд хамгааллын жил болгон зарласан энэ хүрээнд Хүүхэд хамгаалал, мөн залуучуудын хөгжлийг дэмжих жилийн хүрээнд Дархан-Уул аймгийн ЗДТГ, Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн Зөн Дархан “Хүүхдийн төлөө орон нутаг” төсөл хамтран байшин төслийг хэрэгжүүлж байна.
Бэлтгэсэн Н.Эгшиглэн