Хол замд яваа хүмүүст аяга амттай цай өгөх ч сайхан мэдрэмж
Хүн хүсвэл ямар нэг байдлаар өөрөө өөртөө ажлын байр бий болгох боломжтой. Хамгийн гол нь өөрийн ажлын байрандаа бүх сэтгэл зүрхээ зориулан ажиллах нь урагшлах зам урам өгөх олон үйлчлүүлэгчтэй болгоно гэж даруухан ярих эмэгтэй Шүхэр гэдэг.
Түүний хувьд хүнс үйлдвэрлэлийн мэргэжилтэй. Хонгор сумын цайдам гэдэг газар зам дагуу гэр хоолны газар ажиллуулж байна. Холын хүмүүсийн ходоодыг бодож хуушуур аваад явья гэхэд нь ядаж л цаасан уутанд хийж өгдөг гэх. Бүх зүйл нь эмх цэгцтэй, хурдан шуурхай үйлчилгээтэй энэ газраар ороод гарсан хэн ч сайхан сэтгэгдэлтэй буцах.
Ашиг гэхээсээ түрүүнд эрүүл хүнс, орчин,үйлчилгээний соёлыг чухалчлах хэрэгтэй гэдэг энэ бүсгүйн гэр цайны газар аяны хүмүүс асуугаад байдаг юм гэх эмийн сангаас эхлээд элдэв хоолны хэрэгсэл, арц, ганга хүртэл харагдана.
Сэтгэл гэж ярихаасаа илүү, ашиг гэж ам ангайхаасаа урьтаж аль байж болох орчноо бүрдүүлэх нь чухал. Уг нь замын хүмүүс амраад тухлах байшинтай болчихвол гэж зорилгоо хуваалцах хүсэл мөрөөдөл биелэх болтугай.