Соёл,урлагийн байгууллагынхан шинээр мэндэлсэн иргэддээ хүндэтгэл үзүүллээ
Жил бүрийн 9 дүгээр сарын хоёр дахь долоо хоногийн бямба, ням гарагт Соёлын ажилтны өдрийг тэмдэглэдэг. Соёлын ажилтны 29 дэхь өдрийг угтан аймгийн Соёл, урлагийн байгууллагууд олон талт үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Соёлын ажилтны өдрийг тохиолдуулан шинээр мэндэлсэн шинэ иргэд болон ээжүүдэд өнөөдөр гарын бэлэг гардуулан хүндэтгэл үзүүллээ.
Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт өчигдөр, өнөөдөр 4 шинэ иргэн мэндэлжээ. Төрсөн болон төрсний дараах, эмчилгээ хийлгэж байгаа гээд нийт 34 ээж тус тасгаар үйлчлүүлж байна.
Энэ хорвоог элбэрэл хайраар дүүргэн бүтэн болгож амьнаасаа амь хуваан хүмүүн биеийг төрүүлж буй эхчүүд, ээжүүддээ, ертөнцөд дуугаа хадаан мэндэлсэн шинэхэн иргэддээ ийнхүү Дархан-Уул аймгийн Соёл, урлагийн газрын дарга Х.Соёл-Эрдэнэ тэргүүтэй урлаг, соёлын байгууллагын удирдлагууд чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлэн, Залуучууд театрын уран бүтээлчид эх үрийн сэдэвтэй эгшигт дуугаараа ая барьж баяр хүргэлээ.