Г.Гэрэлмаа: Ээжийнхээ зааж өгснөөр 40 гаруй жил цагаан идээ боловсруулж борлуулж байна – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

Г.Гэрэлмаа: Ээжийнхээ зааж өгснөөр 40 гаруй жил цагаан идээ боловсруулж борлуулж байна

Хонгор сумын малчин Г.Гэрэлмаа ээжийнхээ зааж зөвлөснөөр 40 гаруй жил цагаан идээ боловсруулж байна гэсэн юм. Хүүхдүүдийнхээ хэрэгцээний өвөл идэх цагаан идээг нь бэлтгэж өгөөд илүү гарсныг нь борлуулж өрхийн амьжиргаандаа нэмэрлэдэг байна. Амттай, чанартай ааруул, өрөм зөөхий бэлтгэж зах зээлд нийлүүлдэг болсноос хойш байнгын худалдан авагчидтай болжээ.

Чиний хийсэн цагаан идээ амттай шүү гэж хэлдэг хүмүүсийн үгэнд урамшиж наран ургахаас жаргах хүртэл халуун нар халуун галын дэргэд буянт малынхаа сүү цагааг боловсруулж байгаа монгол бүсгүйн аз жаргалыг мэдрэхдээ баяр хөөртэй байдаг гэв.

Аварга малчны гэргий ажилтайн аргагүй цагаан сарын тавгийн ааруул хийж байлаа. Байнгын худалдан авагчдынхаа захиасыг замын унаанд дайж явуулж, унаа олдохгүй бол хүргэж өгнө.

Хүссэн хэмжээгээр нь борлуулалтаа хийж дуусгаад цаг гарвал арьс элдэж, дээл, гутал оёхоос эхлээд ажил мундахгүй. Ингэж л ургах нарнаас жаргах нарны хооронд хөдөлмөрлөдөг түүний гэр бүл энэ жил улсын аварга малчин болжээ.

Хийж байгаа бүхэндээ сэтгэлээ шингээн бусдаас урмын үг сонсох юутай сайхан. Түүний хувьд буянт малынхаа дэргэд ашиг шимийг нь хүртэж хөдөөгийн сайхан байгальд хөдөлмөрлөж яваа эгэл жирийн монгол ээж юм.

 

Холбоотой мэдээлэл

Back to top button