Малчин Бямбажав: Эх оронд хэн үлдэж, эрүүл хүнсийг хэн бэлтгэх вэ?
Монгол хүн болж төрснийх аавынхаа зүсэлж өгсөн малаа маллаж, нэг ч болов өрх айлд эрүүл хүнс бэлтгэж өгөх зорилготой гэж залуу малчин бидэнтэй хуучлав.
Хөдөө тал нутагт залуу малчид ховордож, залуус хот хүрээ зорьж гадагшаа явах мөрөөдөлтэй болж, энэ эх оронд хэн үлдэж, энэ мал сүргийг хэн маллаж, эрүүл хүнсээр хэн монголчуудыг хангах бэ гэж тэрээр ярьж байв.
Хөдөө амьдрах сайхан. Заавал бүх төрлийн малыг хариулах албагүй. Чиглэлээрээ өсгөж үржүүлж,эргэх дөрвөн улиралд эрүүл агаарт морь малын ажилд дарагдан амьдрах сайхан гэв.
Эхнэр дөрвөн хүүхдийн хамт амьдардаг түүний хувьд залууст өглөөг эрт эхлүүлж, зорилготойгоор хөдөлмөрлөхийг уриалж байв.
Залуу гэр бүл хөдөө сайхан амьдарч, буурлын буяныг үр хүүхдэдээ хүртээж, буянт малынхаа шимийг дээжлэн аз жаргалтай амьдарч буй жишээ бол энэ залуу гэр бүл байв.
Тэд хадлангаа бэлтгэх ажилтай, алтан намрын өнгө татсан хөдөө талд намрын их ажил ид ундарч байна.