Ахмадын хөгжлийн өдрийн үйлчилгээ буюу ахмадуудын БАЯР ХӨӨР
Нэг жилийн ойтойгоо золгож байгаа ахмадын хөгжлийн төвийн өдрийн үйлчилгээнд нэг удаадаа баг бүрээс нэг нийт 30 ахмад хамрагдана. Тэд ажлын тав хоногийн турш ярилцаж, суралцаж, хөгжилдөж, бүтээл хийж, сэтгэлзүйн зөвлөгөө авч, алжаал тайлан, амарч сувилуулаад бөөн эрч хүч, баяр хөөр хуримтлуулан найзууд болж гэр гэрийн зүг дурсамжаа дааж ядан буцдаг.
Ахмад настанд эрчимтэй хөдөлгөөн, сэтгэлийн амар амгалан хоёр хамгийн чухал гэж үздэг тус төвийнхөн ажлын ур чадвар, харилцаа хандлагаараа баяр хөөр бэлэглэх аж.
Ахмадууд монгол бичиг, англи хэл, компьютер суралцаж, ном уншиж, зохиол ярилцахаас гадна оюун тархины үйл ажиллагааг идэвхжүүлэх 3D Puzzle цахим номууд угсарч, цаасан хуйлмал, номын хавчуурга хийж уран сайхны мэдрэмждээ хөтлөгдөхийн зэрэгцээ гар хурууныхаа мэдрэмжийг хөгжүүлнэ.
Өглөөний цай, өдрийн хоол, дасгал хөдөлгөөн, бүжиг дуу, алжаал тайлах бариа, физик эмчилгээ, нүүрний иллэгтээ цагийн хуваарийн дагуу хамрагдаж, амрах өрөөндөө ч хөзөр, даалуу тоглодог. Завгүй жаргалтайгаар цаг хугацааг бүтээлчээр өнгөрүүлж буй иэдний сэтгэгдэл туйлын хангалуун байв.
Ахмадын хөгжлийн төвөөс өдрийн үйлчилгээ авч байгаа ахмадуудад сэтгэлзүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлдэг. Өмсөж зүүхээр дутагдах зүйлгүй ч өөрийн доторх бодлоо хэн нэгэнтэй хуваалцах, эргэцүүлэх хэрэгцээнээс үүдсэн ганцаардалд өртөх нь их. Тиймээс зүрх сэтгэлдээ эргэлдсэн бодол, хямрал, айдас, болгоомжлол, ганцаардлын шархаа эмнэн чөлөөтэй гаргах боломжийг энд олж авдаг байна.
Туулсан зам, туурвисан түүхийн зузаан боть, эргэх түүхийн гэрч, залуу үедээ луужин болж яваа ахмадууддаа Олон улсын ахмадын баярын мэнд хүргэе.