Үнэгүй гэсэн сонголттой сагс хамгийн түрүүнд хоосордог
Боломж эко шоп хэрэгцээгүй, илүү байгаа хэрэглэсэн эд зүйлсийг хэрэгтэй хэн нэгэнд нь хүргэхээр үүд хаалга нээжээ. Үйлчлүүлэгчдийн дотроос хэрэгцээтэй нэгэнд нь өгөөрэй гэж үлдээсэн хуучин хувцсыг үнэгүй сагсанд хийдэг байна.
Өдөр бүр үнэгүй, мянга, гурван мянга, таван мянга гэсэн сагснууд доторх бэлэн хувцас хамгийн түрүүнд дуусдаг нь иргэдийн олж байгаа хэдэн төгрөг хоолноосоо илүү гарахгүй байгааг харуулж байна гэж дэлгүүрийн менежер Насанжаргал хэллээ.
Хэрэгцээтэй хэн нэгэн хэрэг бол өгөөрэй гэж хэд хэдэн уут хувцас аваад ирэх сайхан сэтгэлтэй үйлчлүүлэгчид олон гэв. Зарим аав ээжүүд хүүхдийнхээ тоглоомуудаас авчирч тоглоомын сагсанд хийдэг байна.
Энэ сагс дэлгүүрээр орж ирсэн хүүхэд бүрд баяр хөөр бэлэглэдэг. Эндээс үйлчлүүлэгчдийн хүүхдүүд таалагдсан тоглоомоо аваад аз жаргалтайгаар гардаг гэсэн юм.
Бидний тус дэлгүүр мэдээлэл бэлтгэж байх 40 орчим насны эхнэр нөхөр хоёр бараа сонирхож явлаа. Мянган төгрөгийн сагснаас нь хайгаад аваарай хө гэж нөхөр нь эхнэрээ хэлж байсан. Иргэдийн амьдралд тийм ч тансаг хангалуун биш, хоногийн хоолоо арай хийж болгож байгаа захын жишээг илтгэж байв.
Насанжаргал:Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт иргэдийн нуруун дээр ирэхдээ даах аргагүй ачааг өдөр ирэх бүр нэмж байгаа учир хоол хүнсээ л дөнгөн данган болгож, хувцас хунарт зарцуулах хувь нь хүрэлцэхгүй байна даа гэж бодохоор сэтгэл өвдөж байна.
Үнэгүй гэсэн бичиг хараад нүүрэнд нь инээмсэглэл тодрон найзуудаа дуудах хэмжээнд иргэдийн орлого хангалтгүй, амьдралын чанар муудаж байна.