Хонгор сумын 2-р баг малчдад мобикомын 4G сүлжээ нэвтэрлээ
Дархан-Уул аймгийн хувьд Мобиком Корпораци 1997 онд 2G сүлжээгээ нэвтрүүлж, харилцаа холбооны үйлчилгээг үзүүлж эхэлсэн түүхтэй. 2017 онд Шарын гол сумын төвд , 2018 онд Орхон сум болон Хонгор сумын төвүүдэд тус тус 4G сүлжээгээ нэвтрүүлсэн байна.
Сумын төвөөсөө 50-90 гаруй км зайтай сүлжээгүй газар амьдардаг малчдын хувьд утсаар ярихын тулд машинаар сүлжээтэй газар очдог, аймаг сумынхаа төвд хүрэх шаардлага гардаг байжээ.Тэд одоо гэрээсээ интернэтээр аялаж, утсаараа сум орон нутагтаа болох үйл явдлын талаарх мэдээллийн цаг алдалгүй авч байгаадаа баяртай байна.
Сүлжээний нээлтийн ажиллагаанд Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н. Учрал, Мобиком корпорацын санхүү хариуцсан дэд захирал Ясүхико Фүкүй, Мобинет ХХК-ийн гүйцэтгэх захирлын орлогч Идэрмөнх, Хонгор сумын Засаг дарга Т.Атархишиг нарын хүмүүс оролцов.
2021 онд Мобиком Корпораци нь Дархан-Уул аймгийн Засаг даргатай “Хамтран ажиллах санамж бичиг” байгуулсан бөгөөд уг санамж бичгийн хүрээнд Хонгор сумын 2-р багт 4G сүлжээгээ нэвтрүүллээ. Ингэснээр Дархан-Уул аймгийн бүх багт Мобикомын 4G сүлжээ нэвтэрч, аймгийн бүх хэрэглэгчид харилцаа холбооны дэвшилтэт үйлчилгээг өндөр хурдаар хүлээн авах боломж болж байна.
Хонгор сумын төвийн хэрэглэгчдэд уламжлалт телевизийн технологийн дараагийн үе болох OTT технологийг танилцуулж, Мобинетийн “VOO Home” буюу интернэт, телевиз, контентийн хосолсон үйлчилгээгээ албан ёсоор нэвтрүүлж байгааг онцлов.
Мобинет ХХК нь шилэн кабелийн FTTH технологиор дамжуулж гэр хорооллын өрхөд өндөр хурдны интернэт ашиглах боломжийг бүрдүүлэх зорилгоор анх удаа Хонгор сумд дэд бүтцээ байгуулсан байна. Энэ жилдээ багтаан Салхит өртөөнд энэхүү үйлчилгээгээ хүргэхээр ажиллаж байна гэв.