Шарын голын ВАНТ УЛС буюу шарын голын уурхай
Шарын голын уурхайгаас нүүрс авах гэж очсон жолооч нар өвлийн хүйтэнд уурхайн гадна машин дотроо хэд хоног зутарч, зүдэрч байж 2 тн нүүрс авч байна. Нүүрс нь чулуу, хог ихтэй байна гэсэн гомдол өнгөрсөн жилийн их цастай өдрүүдэд анхаарал татсан сэдэв байсан.
Хүйтний ам наашилсан өдрүүдэд нүүрсний уурхайн гадна нүүрс авахаар ирсэн машинуудын урт цуваа үүссэн, жолооч нар нь гараар ачиж байна, нүүрсний үнэ нэмэгдсэн гэх мэдээллийн дагуу газар дээрээс нь мэдээлэл бэлтгэж ажиллав.
Сумын төв ороход л иргэд нүүрсээ авах гэж дараалалд хэд хоног зогсох хэцүү, ороод ачаад өгөх жолооч олдохгүй хүндрэлтэй гэж ирээд л нүүрс тойрсон хүндрэлтэй асуудал ярьж байв.
Уурхайн гадна очоод удаагүй байгаа урт цувааны араас эхлээд 3-5 хонож байна гэх урьд талын машинуудын жолооч нараас нөхцөл байдлыг тодруулав. Уурхай нүүрс өгөхгүй болчих бий гэж нүүрээ нууж ярих, одоо яах бэ дээ бодит байдал гээд ил гараад ярих иргэд ч байна.
Уурхайн захирлууд эзгүй инженер яриа өгөхгүй гээд шууд дамжуулалт тасрав. Үүднээсээ эхлээд хамгаалалттай, хашаагаараа оруулахгүй байгаа нь мэдээлэл бэлтгэхэд хүндрэл үүсгэв.
Идэр есийн жавар тачигнах өдрүүдэд гал залгах гэж ирсэн иргэд гадаа зогссоор хөлдөх үү. Гараараа нүүрсээ дүүргэх гэж ганцаараа зөөсөөр бээрэх үү. Энэ асуудалд уурхай ямар зохицуулалт хийх юм бүү мэд…
Төмөр хаалттай хаалганы гадна яриа өгөхөөр нэг эмэгтэй гарч ирсэн ч нүүрс борлуулалтыг хариуцаж байгаа гэх Тавтаанай гэдэг оператор компанийн менежер. Ямар учиртай шарын гол компани гэж байсаар байхад дахин нэг компани хашаан дотор зэрэгцэн оршоод үйл ажиллагаа явуулж компани дотор компани байгаа нь ч учир шалтгаантай л байх.
Хариуцсан ажилдаа тайлбар өгөхөөс татгалздаг, хашааныхаа үүднээс хамгаалалтаар үдүүлж буцаадаг, албан тушаалтанд нээлттэй, ард иргэдэд хаалттай шарын голын уурхайн үнэхээр вант улс болжээ.
Гэхдээ тэдэнд ч бас хүлээх үүрэг гэж бий. Ажлаа сайжруул гэсэн ард иргэдийн шаардлагыг сонсох чих, хэрэгжүүлэх менежмент үгүйлэгдэж байна.