Аюурзана: Тавин жилийн дотор 40 гаруй мянган хүнийг барьж анагаасан байна
Дөч гаруй мянган хүний судас барьж оношлон бариа заслаар анагаасан энэ буурай 80 насны босгон дээр хүн ардыг анагаах үйлсээ буяны цагаан мөр дагуулан хийж байна.
Анагаах ухаанаар эмчилгээ хийлгээд хүүхэд олоогүй, улс орон дамжин оношилгоо хийлгэсэн ч тусыг олоогүй олон арван хүмүүс эмээ өвөө хоёрыг зорьж очдог бөгөөд бариа заслаар эрүүлжиж, баяр талархлаар гэрийн зүг хөлгийн жолоо залдаг байна.
Үр хүүхэдтэй болохыг мөрөөдөж олон жилийн турш явсан хосууд бариач өвөөд хандаж, түүний буянаар 48 эмэгтэй эх хүн болж, хосууд үрийн зулай үнэрлэсэн дээ гэж тэрээр баяр хөөр дүүрэн өгүүлнэ. Барих анагаах эрдэмд шамдан 50 гаруй жил хүн ардын анагааж буй түүнийг нутаг усныхан төдийгүй эх орны дөрвөн зүг найман зовхис, эх дэлхийн булангаас ч зорин ирэх хүмүүсийн хөл тасрахгүй байна.
Хөдөлж чадахгүй өвчиндөө шаналах нэгнийг хөл дээр нь босгохоос илүү буянтай үйлс гэж үгүй. Нэгэн насны амьдралынхаа хагас зуун жил бусдыг анагаах үйлст зориулсан тэдний амьдралын баяр хөөр бол эрүүл болоод буцсан мянган мянган хүмүүсийн амьдралын түүх билээ.