Төрд очсон төмөрлөгийн үйлдвэрийн даргын суудалд тохирох хүн алга уу?

Ганпүрэвийн Дугаржавыг Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн захирлаар томилжээ. Тус үйлдвэр төрд очсоноос хойш хэдхэн сарын хугацаанд гуравдах даргынхаа нүүрийг үзэж байгаа ч ажил нь урагшилсан уу?
Дээрээ суудлаа олоогүй бол доороо гүйдлээ олох тухай яриад ч нэмэргүй. Төмөрлөгийг тойрсон асуудлууд хаалттай хаалга, халгаатай ашиг сонирхлынхоо ханцуйн дор томорсоор л байх болно. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэр хэвээрээ байдаг шиг нэг жил хүрэхгүй хугацаанд гурван даргын нүүрийг үзсэн ч дээрдсэн юм алга
Шинээр томилогдож байгаа Г.Дугаржав гэж эрхэм эдийн засагч мэргэжилтэй. МАХН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан нэгэн бөгөөд энэ суудалд эртнээс яригдсан гэх бор шувуу жиргэж байсан удаатай.
Өнөөдөр төмөрлөгийн үйлдвэрт дээрээс доошоо албан тушаал, ажлын байрны холио сэлгээ хэтэрсэн, төрд авсан нэрээр танил тал, нам харж ажил алба залгах байдал нь арай л улаан цагаандаа гарсан нь хэн бүхэнд ил болсон.
Хэзээнээс л хэвлэлд хаалттай байж ирсэн тус үйлдвэр зөвхөн хүссэн мэдээллээ, хүссэн сувгаараа л цацаж ирсэн нь иргэдийн мэдэх эрхийг хангахад саад болж байна.