Ууганбаяр: Мөрөөдлийн байшиндаа дурсамжаа бүтээх боломж олгосон хүмүүст талархаж байна
Хөдөлмөрийн чадвар алдалттай, хүнд ажил хийх боломжгүй ч хүүхдүүдээ харахаар нойр хүрдэггүй гэж барилга дээр ажиллаад ажлын хөлсөндөө авсан ширхэг тоосго, блок бүрээ цуглуулан байшин барих гэж олон жил мөрөөдсөн аавын ярилцлагыг бид хүргэж байсан.
Хоёр хүүхэд нь хүнд хэлбэрийн бэрхшээлтэй болохоор эхнэр нь бага хүүгээ хардаг Ууганбаяр гэх залуу амьдралаа авч явахын төлөө таарсан ажлаа хийж амьдралаа болгодог. Хэзээ нэгэн өдөр баригдаж дуусах байшиндаа өдөр бүр тал тоосго, ширхэг банз нэмэрлэн барьж байгаа тухай ярилцлагын дараа тухайн айлд туслах хандивын аян өрнүүлэх саналыг олон нийтийн зүгээс гаргасан.
Ууганбаярын гэр бүлийг байшинтай болгоё аянд Тэнгис тэмүүлэгч ХХК 1 сая, Давхар-Өртөө ХХК 1.6 сая, Эко ноос 2 сая, Дархан уян тааз иж бүрэн тааз, Анто Од ХХК 496.000, Баянбогд вакум цонхны тавцан, Геодези кадастрын Гео од ХХК мөнгөн хандив, Дархан сумын 13-р багийн УЗН-ийн онцгой гишүүд 305000, ДСЦТС ХК дотор монтаж, сайхан сэтгэлд иргэд боломжоороо мөнгөн хандив өгч нэгдсэн юм. Дээрх иргэн ААНБ-ын хандиваас гадна барилгын салбарт олон жил ажилласан өрхийн тэргүүн барилгын ажил хийж дутуу материалаа бүрдүүлж, өдөр бүр шаргуу ажиллаж байшингаа барьж дуусгасан байна.
Ууганбаярын гэр бүл өнөөдөр мөрөөдлийн байшиндаа халуун дулаахан уур амьсгалтай сайхан амьдарч байна. Тэрээр төлөвлөснөөр байшингийнхаа доторх засал, тохижилтыг олны хандив, өөрийн зүтгэлээр хийжээ.
Хүүхдүүддээ эм авах мөнгө, галдаа хийх түлш, дулаахан хувцас, идэх хоол гэх мэт өдөр бүрийн хэрэгцээнд дарлуулан өдрийн орлогоороо маргааштай залгаж байсан залуугийн нүдэнд өнөөдөр итгэл найдварын оч асаж илүү сайхан маргаашийг бүтээх дутуугаа дүүргэх хүсэл эрмэлзэл дүүрэн байлаа. Олны итгэл, өөрийн зүтгэл байхад хөдөлмөр хүнийг бүтээж байдаг.
Биднийг гэрт нь очиход тэр байсангүй. Барилгын ажил нь зогссон болохоор ачих буулгах ажилд явсан байлаа. Хүүхдүүдээ сургуулиас авч ирээд аяга цайны амсар зуусан залуу бас л яарсаар одлоо. Орой болохоос өмнө айлын ногоо буулгаж, түлээгээ авах мөнгө олох хэрэгтэй гэв.
Үерийн ус ороод ирдэг гэрт нь биш өөрийнхөө хөдөлмөрийн амт шингээн барьсан байшиндаа алаг үрсээ үлдээгээд ажилдаа яарах аав илүү их эрч хүчтэй, аз жаргалтай байлаа.