Соёлын бүтээлч сарын аян ирэх сарын турш онцлог үйл явдлуудаар дүүрэн өрнөн
Соёлын бүтээлч сарын үйл ажиллагаа нь 2022 оны 11 дүгээр сарын 01-30-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Аймгийн Соёл, урлагийн газраас орон нутгийн соёл, урлагийн байгууллагуудыг удирдлага зохион байгуулалтаар хангаж дараах 4 чиглэлийн хүрээнд ажиллана.
Үүнд: Нэг дэх долоо хоног – Үндэсний нэгдмэл үнэт зүйл, хоёр дах долоо хоног – Бүх нийтийн соёлын боловсрол гурав дах долоо хоног – Соёлын үйлдвэрлэл, дөрөв дэх долоо хоног – Соёлын аялал жуулчлал
Соёлын бүтээлч сарын үйл ажиллагаанд аймгийн соёл, урлагийн байгууллагууд, театр, музей, номын сан, сумдын соёлын төв, соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгч аж, ахуйн нэгж байгууллага, иргэд, дугуйлан, холбоодыг өргөнөөр татан оролцуулах юм.
Сумдын соёлын төвүүд соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч, ардын авьяастнуудыг сурталчлах, алдаршуулах тоглолт хийхээс гадна мэргэжлийн урлагийн байгууллагуудтай хамтран тоглолт хийнэ. Мөн орон нутгийн бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа зэрэг соёлын олон талт үйл ажиллагааг зохион байгуулна.
Номын сан, Хүүхдийн номын ордон нь “Үндэсний бичиг, хэл соёл”-ыг сурталчлах өдөрлөг, Зохиолч, яруу найрагчдын уулзалт, Номын өглөөлөг, Нийтийн уншлага зэрэг уншигчдийг дэмжсэн үйл ажиллагааг идэвхтэй зохион байгуулна.
Залуучууд театр аялан тоглолт хийж, орон нутгийн уран бүтээлчдийн тоглолт бүтээлийг сурталчилж, хүүхдийн болон орчин үеийн тоглолт, Мэргэжил сурталчлах өдөрлөг, уулзалт зэргийг зохион байгуулна.
Аймгийн музей, сумдын орон нутаг судлах танхимууд нь “Монгол бахархал” сэдвийн хүрээнд үзэсгэлэн зохион байгуулж хүүхэд залууст соёлын өвийг таниулна. Музейн үйл ажиллагаа, боловсролын хөтөлбөрүүдээ сурталчилна.
Арван нэгдүгээр сар- Соёлын бүтээлч сарын үйл ажиллагаатай холбоотой видео мэдээллийг хүлээн авч үзнэ үү.