Хүннү мөрийг дэлхийд гаргах мөрөөдөлтэй хосууд цөөнгүй ажлын байрыг бий болгожээ
Арван жилийн өмнө гэрийнхээ жижиг өрөөнд хосууд анхны гутлаа хийж эхэлжээ. Тухайн үед сонгуулийн сурталчилгаа хийж гэрт нь орж ирсэн хүмүүс худалдан авалт хийж, үйлдвэр болох хэрэгтэй гэж хэлсэн нь урам өгч илүү том мөрөөдөл тээх болсон байна.
Гэр бүлийн хоёрын анхны худалдан авагчид нь амьдарч байсан сумын иргэд нь байв. Хэн нэгэнд бүтээгдэхүүнээ зарж борлуулж л байгаа бол чанарыг нэгдүгээрт тавих хэрэгтэй гэж үзсэн залуусын бодол тэдний бизнесийг өнөөдрийн түвшинд хүргэсэн байна.
Хэд хэдэн төрлийн гутал хийж зах зээлд гаргаж байгаа Хүннү мөр брэндийн бүтээгдэхүүнээс томоохон уурхай, үйлдвэрүүд захиалан хийлгэх болсон байна. Хосуудын эхэлсэн бизнес өргөжиж компани болсон төдийгүй өнөөдрийн байдлаар найман хүнийг байнгын ажлын байраар хангаж байна.
Монгол малын арьс шир, ноосон үндэсний үйлдвэрүүдээс худалдан авч бүтээгдэхүүнээ хийдэг залуусын хувьд зөвхөн ул, үдээсээ л гаднаас авдаг гэв.
Тэд эх орныхоо түүхий эдийг эх орондоо эцсийн бүтээгдэхүүн болгон зах зээлд гаргаж, буух эзэнгүй буцах хаягтай үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар ажлын байрыг бий болгох алсын хараатай ажиллаж байна.
Ковидын үеэр C19 уулын гутал хийж худалдаанд гаргасан нь 2022 оны аймгийн шилдэг бүтээгдэхүүнээр шалгарсан байна. Хүннү мөр брэнд дэлхийн зах зээлд хэзээ нэгэн өдөр гарах хүртэл эх орондоо эрэлттэй үйлдвэрлэл болох зорилго тээж байна.
Монголчууд хийж бүтээж, үйлдвэрлэж буйн нэгэн жишээ гэр бүлийн хосуудын эхлүүлсэн гутлын цех өргөсөн энэ амжилтын түүх юм.
Тэдэнд зах зээлээ тэлэх, хөрөнгө оруулалт татах, илүү томоор урагшлах зорилго бий.