Т.Жаргалсайхан: Хайртай хүмүүстээ зориулсан бүтээлдээ гүн утга агуулга шингээн урладаг
Эрүүл мэндийн шалтгаантай гэртээ байхдаа хагалгааны шарх анихыг хүлээгээд суух нь сэтгэлзүйн хувьд амаргүй байсан учир ямар нэг зүйл хийх хэрэгтэй гэж гарт ойрхон барьж авсан нь ажил нь утас зүү ороох үйл байжээ. Хэзээ ч юм бэ телевизээр л нэг удаа зүү ороож даалин оёх тухай харж сонсож байсан нь толгойд нь дүрслэгдэж хамгийн анхны даалингаа оёж эхэлсэн байна. Өдөр бүр яг л ажилтай хүн шиг эртлэн босож даалингаа оёсоор хэдэн зуун мянган шаглаатай, өнгөлөг сайхан хээтэйгээр дүүрсэн, олон утга бэлгэдэл зөгнөсөн бүтээлээ дуусгаад л санаа амардаг байж.
Миний бүтээл үе удам дамжин үр удамд минь үлдэх нэгэн насны нандин бэлэг гэж бодож, сайн сайхныг тунгаан бясалгаж, хээ нэг бүрийг нарийн ур гарган шаглаж, мөнгөөр тоноглон чимэглэж, хамгийн нарийн утсаар хайртай хүмүүстээ зориулан урладаг гэж ярив. Т.Жаргалсайхан бүсгүйн хийсэн бүтээлүүд дотор талдаа ч ивээл жил, зохицол бүхий өнгийн шингээн хийсэн гоёмсог бөгөөд сэтгэл шингэсэн аж.
Өвдсөн байх хугацаандаа ханьдаа үр хүүхдэдээ, найздаа, хамгийн сүүлд л гэхэд ангийнхаа багшид зориулан хавтага оёж бэлэглэсэн гэв. Өнөөдөр ч тэрээр өөрийн хийсэн бүтээлээ бусдад дурсгаж бэлэг барив.
Зүү ороож урласан даалин нь он удаан жил хадгалагдан үлддэг бөгөөд даалин дээр урлах хээ угалз бүр өөр өөрийн бэлгэдэлтэй бөгөөд сайн торгон дээр зүү ороож урласан даалин хамгийн үнэ цэнэтэй урт настай бэлэг болдог байна.