Сумандаа сайхан амьдрах боломж буюу иргэд ажлын байртай болж байна
Шинэ цэцэрлэгтэй болсон Хонгор сум хуучин цэцэрлэгийн зориулалтаар ашиглаж байсан байраа жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв болгожээ.
Ажлын байр нэн шаардлагатай сумын иргэдийг нас харгалзахгүй хувиараа болон хоршоо байгуулан ажиллах боломжийг бүрдүүлсэн анхны ажил нь ОУБ-тай хамтран төсөл хэрэгжүүлсэн байна.
ДЗОУБ-аас сургагч багш нараар ноосон бүтээгдэхүүн, даавуун оёдлын сургалт заалгаж, сургалтын орчинд ашиглах тоног төхөөрөмжийг эхнээсээ нийлүүлж эхэлсэн байна.
Нэг долоо хоногийн сургалтад хамрагдсан 15 иргэн бүтээгдэхүүнийхээ дээжийг зах зээлд борлуулж, дараагийн ээлжийн захилга авч эхэлсэн учир урам зоригтой урагшилж байна. Тэд эх орныхоо түүхий эдээр эко брэнд бүтээх алсын хараатай сэтгэл итгэл нэгтэй хөдөлмөрлөж байна.
Гарааны бизнес эрхлэгчдийг хоршоо болгон үйл ажиллагаа, орлого ашгийг нь нэмэгдүүлж илүү эрчтэй ажиллуулахын тулд онолын сургалтыг нь тогтмол өгч байгаа юм. Энэ удаад бүлэг хоршооны талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлж байсан бол бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлж гарааны бизнесийг зөв чиглүүлэхэд нөлөөлөх юм.
Сум орон нутгийн зүгээс иргэдээ сумандаа ажилтай орлоготой байлгахад байр талбайгаар хангаж бизнес хөгжлийн төвийг нээж өгсөн бол ДЗОУБ сургалт зөвлөгөө, техник тоног төхөөрөмжөөр хангаж орон нутаг байнгын ажлын байрыг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа сайн жишээ.
Төслийн хүрээнд ур чадвар эзэмшиж байгаа иргэдэд 40 орчим сая төгрөгийн тоног төхөөрөмж зарим бараа материалын дэмжлэг үзүүлнэ.