Айлууд самрын ясаар гал залгаж байна
Шуудай нэртэй тор нүүрсийг 7000-8000 төгрөгөөр иргэд худалдан авч байгаа ч том хувингаар ганц хоёр удаа галдаа хийгээд л дуусчихдаг. Үнийн өсөлт иргэдийн нуруун дээрх ачааг дарж байгаа энэ үед өдрийн орлогоороо хоногийн хоолоо болгож байгаа зарим өрхүүдийн хувьд торны хэмжээтэй шуудайтай нүүрсээ худалдан авахад ч хүндрэлтэй байгааг хэлж байлаа.
Бидний очсон айлын хувьд жижигхэн шуудайтай нүүрсээ гамнаж түлэхийн тулд өдөржин самрын ясаар гал залгаж орой л нэг хувин нүүрс хийдэг гэв.
Яг ингэж хашаандаа шуудайтай самрын яс овоолсон айлууд ойр хавьд олон харагдана. Ойролцоох самрын үйлдвэр хаягдал ясаа шуудайлаад айлуудын дунд овоолоод орхидог байна. Түлээ нүүрсний үнэ нэмэгдсэн учир машинаар нь байтугай тав арван шуудайгаар нь авч түлэхэд хүндрэлтэй байгаа учир гэр хорооллын зарим өрхүүдийн хувьд ийнхүү самрын ясаар гал залгаж хүйтэн өдрүүдийг өнгөрүүлж байна.