Танилц: Гуравдугаар сард тохиох 11 тэмдэглэлт өдрүүд

Ирэх гуравдугаар сард манай улсад 11 тэмдэглэлт өдөр тохиож байна.
Та бүхэнд гуравдугаар сард тохиох тэмдэглэлт болон баярын өдрүүдийн талаарх мэдээллийг хүргэе.
1. Гуравдугаар сарын 1-н буюу Эх орончдын өдөр
2004 онд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаас хойш тус өдрийг жил бүр “Эх орончдын өдөр” болгон тэмдэглэсээр иржээ.
2. Гуравдугаар сарын 6-н буюу Хэвлэл, мэдээллийн ажилтны өдөр
Гуравдугаар сарын 6-ны өдөр бол Монголд үндэсний сэтгүүл зүй үүсэж, хөгжсөний ойн баярын өдөр юм.
Тэртээ 1913 оны гуравдугаар сарын 6-ны өдөр эх оронч, соён гэгээрүүлэгч Ж.Цэвээн “Шинэ толь хэмээх бичиг” нэртэй сонин, сэтгүүлийг хэвлэн гаргаснаар үндэсний сэтгүүл зүйн суурь баттай тавигдсан түүхтэй билээ.
3. Гуравдугаар сарын 8-н буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр
Жил бүрийн гуравдугаар сарын 8-нд дэлхийн олон улс орон Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэдэг уламжлалтай. Манай улсын хувьд 1992 онд батлагдсан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар энэ өдөр бүх нийтээр амрахаар зохицуулсан байдаг.
4. Гуравдугаар сарын 18-н буюу Дэлхийн нойрны өдөр
Нойр нь хүний ажиллах чадамжийг тасралтгүй хангаж байдаг бие махбодын хамгаалагч билээ. Харамсалтай нь дэлхийн нийт хүн амын 45 хувь нь ямар нэгэн байдлаар нойрны асуудалтай тулгардаг гэсэн судалгаа байдаг.
Тэгвэл жил бүрийн гуравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн Баасан гарагт Дэлхийн нойрны өдрийг тэмдэглэдэг.
Эл өдрийг “Дэлхийн нойрны өдрийн холбоо” болон “Дэлхийн унтах анагаах ухааны холбоо” хамтран 2008 оноос хойш ийнхүү тэмдэглэж, нийгэмд ойлголтыг түгээж иржээ.
5. Гуравдугаар сарын 18-н буюу Монгол цэргийн өдөр
БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн 1946 оны тавдугаар сарын 28-ны хурлын тогтоолоор Монгол Ардын журамт цэрэг Хиагт хотыг чөлөөлж анхны ялалтаа байгуулсан гуравдугаар сарын 18-ны өдрийг “Хувьсгалт цэргийн баярын өдөр” болгон жил бүр улс нийтээр ёслон тэмдэглэх шийдвэр гаргасан түүхтэй.
Харин 2011 онд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд 2011 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулснаар жил бүрийн энэ өдрийг “Монгол цэргийн өдөр” болгон тэмдэглэж эхэлсэн.
6. Гуравдугаар сарын 20-н буюу Дэлхийн аз жаргалын өдөр
2012 онд Нэгдсэн Үндэсний Байгууллагаас манай гаригийн бүхий л хүмүүсийн нийтлэг мэдрэмж нь аз жаргалд тэмүүлэх тэмүүлэл байдаг гэсэн санааг дэмжих зорилгоор гуравдугаар сарын 20-ны өдрийг Олон улсын аз жаргалын өдөр болгон тунхаглажээ.
Түүнчлэн энэ өдрийг тунхагласан нь хүн төрөлхтний гол зорилгуудын нэг аз жаргал юм гэдгийг харуулахад чиглэгдсэн гэнэ.
Үүнтэй холбоотойгоор НҮБ дэлхийн улс орнуудад хандан хүн бүрийн таатай амьдралыг бий болгоход бүхий л хүчин чармайлтаа гаргахыг уриалсан юм. Түүнчлэн гишүүн орнууд, олон улсын болон бүс нутгийн байгууллагууд, иргэний нийгэмд хандан Олон улсын аз жаргалын өдрийг соён гэгээрүүлэх арга хэмжээ явуулах замаар тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалж байв.
7. Гуравдугаар сарын 22 буюу Наурызын баяр /Өдөр шөнө тэнцдэг өдөр/
Дундад Азийн зарим орнууд болон Казах түмэн жил бүрийн гуравдугаар сарын 22-нд буюу өдөр, шөнө тэнцдэг өдөр Наурызын баяраа тэмдэглэн өнгөрүүлдэг.
Сануулахад, ЮНЕСКО 2009 онд наурызыг хүн төрөлхтний биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгэж, Нэгдсэн Үндэстний Байгууллага 2010 оны Ерөнхий Ассамблейн чуулганаараа “Олон улсын наурызын өдөр”-ийг дэлхий дахинд тэмдэглэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэсэн билээ. Энэ нь Наурыз бол нийт хүн төрөлхтний баяр гэдгийг зарлан тунхагласан хэрэг юм.
8. Гуравдугаар сарын 22-н буюу Монгол хүн сансарт ниссэн түүхэн өдөр
Түүх сөхвөл, Монгол Улсын иргэн, сансрын нисэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын сансрын нисэгч В.А Жанибековын хамтаар 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 14:58 цагт хуучнаар ЗХУ-ын Байконуур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз-39” хөлгөөр хөөрч байв.
9. Гуравдугаар сарын 23-н буюу Дэлхийн усны өдөр
Дэлхий нийтээрээ энэхүү өдрийг дэлхий нийтээрээ 1993 оноос хойш тэмдэглэж иржээ. Эл өдөр дэлхийн улс орнууд тэмдэглэж, ундны цэвэр усаа хэрхэн ариг гамтай хэрэглэх, нөөцийг арвижуулж, хамгаалах асуудлаар олон нийтийн анхаарлыг хандуулдаг уламжлалтай.
Түүхийг сөхвөл, анх 1992 онд НҮБ-ын Хүрээлэн буй орчин, Хөгжлийн тухай олон улсын хурлын үеэр дэлхийн усны тэмдэглэлт өдөртэй болох саналыг дэвшүүлж байжээ. Улмаар цэвэр усны гачигдалд буй улс орнуудыг усны гачигдлаас гаргаж, цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх, арвилан хэмнэх зорилгоор 1993 оны гуравдугаар сарын 22-ны өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас “Дэлхийн усны өдөр” болгон зарлан тунхагласан юм.
10. Гуравдугаар сарын 27-н буюу Олон улсын театрын өдөр
Жил бүрийн гуравдугаар сарын 27-ны өдрийг 1962 оноос хойш дэлхийн “Театрын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ өдөр бол дэлхийн өнцөг булан бүрд буй театрын урлагийн уран бүтээлчид хийгээд театрын урлагийн үнэнч үзэгч хэн бүхний баярын өдөр юм.
11. Гуравдугаар сарын 30-н буюу Дэлхийн эмч нарын өдөр
Жил бүрийн гуравдугаар сарын 30-ны өдрийг Дэлхийн эмч нарын өдөр болгон тэмдэглэдэг.
Уг өдрийг анх АНУ-д тэмдэглэж эхэлсэн байна. Тус улс 1990 оны гуравдугаар сарын 30-ныг “Үндэсний эмч нарын өдөр” болгон тэмдэглэх болсноос хойш жил бүр энэ өдрийг албан ёсоор тэмдэглэж, хүмүүс эмч нарт баярлаж талархсанаа илэрхийлэн таниулж сурталчилдаг Олон улсын өдөр болж өргөжсөн гэдэг.