Шоронд байхаас илүү дарамт бол наранд гарсны дараах ялгаварлан гадуурхалт
Хоёр дээд сургууль төгсөж, бусдын адил олонтойгоо мөр зэрэгцэн хөдөлмөрлөж байсан бүсгүй ажил дээрээ алдаа гаргаж жил гаруй хугацаанд хоригдсон. Тэрээр бяцхан үрс, хайртай ханьтайгаа хурдхан уулзаж амьдралаа шинэ хуудаснаас эхлүүлнэ гэж хоног тоолон хүлээсээр суллагдсан байна.
Мэргэжлээрээ ажиллаж, хамт олонтой болж, амьдралдаа нэмэртэй ажилтай орлоготой нэгэн байхыг хүссэн алхам бүр нь хоригдож байсан гэх өгүүлбэрээр хязгаарлагдаж иржээ. Хэсэг хугацаанд эрхээ хязгаарлуулан ял эдлээд гарсан хэдэн мянган хүнд шоронд байснаас илүү сэтгэлийн шарх, ялгаварлан гадуурхалтыг энэ нийгэм өгдөг гэв.
Өөрийнх нь төдийгүй гэр бүлийнхнийх нь сэтгэл зүй өвчилж, гоё сайхан мөрөөдөл бүрт нь тээг саад болж байгаад эмзэглэж байна. Шоронгоос гарсан хүмүүсийн амьдралд нарны шоронд үргэлжилдэг харамсалтай байдлыг өөрчилдөг эерэг нийгэм бий болоосой гэдэг туйлын хүсэлтэйгээ бидэнтэй хуваалцав.
Яаж ч хичээсэн хөдөлмөр эрхлэхээс эхлээд бүх боломжууд хаалттай байдаг.
Нэг тийм хүйтэн хөндий хандлага, нийгмийн дундах таагүй ойлголт, хана хэрэм босгосон мэт ялгаварлан гадуурхалтанд өртөж амьдармааргүй байна.
Яг үнэндээ ядарсан нэгнээ өрөнд унагаад л явуулж чаддаг нийгмийн золиос болсон хүмүүс ч хүсээгүй тэр газарт ороод гарч л байгаа. Хүн гэдэг утгаар нь хүлээн авдаг нийгэм, хүмүүсийн хандлагаар дутаж хэн нэгэн гандаж л яваа гэдгийг ойлгоосой гэж Ялгаварлан гадуурхалтыг тэглэе уриатай өдрөөр зүрх нь зүсэгдэж явдаг үг үйлдлийг дайж байлаа.
Ялгаатай байдал бол ялгаварлан гадуурхалт нийгэмшихэд чөдөр тушаа болж байна.