Япон улс руу аялах иргэд визээ цахимаар мэдүүлэх боломжтой
Япон улсын Засгийн газраас тус улс руу аялал жуулчлалын зорилгоор зорчих Монгол, АНУ, Их Британи, Канад, Сингапур зэрэг гадаадын 68 улсын иргэдэд зориулсан цахим визийн системийг өнөөдрөөс нэвтрүүлж эхэллээ.
Тодруулбал, гуравдугаар сарын 27-ны 13:00 цагаас эхлэн 90 хүртэл хоногийн хугацаатай аялал жуулчлалын визийн мэдүүлгийг цахимаар хүлээн авах юм.
Иймд, аялал жуулчлалаас бусад зорилгоор Япон Улс руу зорчих иргэд урьдын адил өөрсдийн биеэр тус улсын Элчин сайдын яаманд хандан виз мэдүүлнэ гэдгийг Гадаад харилцааны яамнаас мэдээлэв.
Виз мэдүүлэх
- Эхний шатанд визийн мэдүүлгийг урьдчилсан байдлаар хүлээн авах ба ЭСЯ-ны зүгээс шаардлагатай материал бүрэн эсэхийг нягталж байж албан ёсоор хүлээн авсанд тооцно. Нэгэнт илгээсэн виз мэдүүлгийн материалын мэдээлэл дутуу тохиолдолд онлайн мэдүүлгийг хийх үед бүртгүүлсэн холбоо барих утасны дугаараар, эсвэл цахим шуудангаар холбогдоно.
- Виз мэдүүлгийн материалыг албан ёсоор хүлээн авсан нь тодорхой болж байж сая материалтай нарийн танилцаж, шалгаж эхлэх ба албан ёсоор хүлээж авсан өдрийг оруулаад ойролцоогоор ажлын дөрөв хоногийн дараа виз мэдүүлгийн хариу болон хураамжаа төлөх тухай агуулга бүхий цахим шууданг илгээнэ. Мөн виз мэдүүлгийн материалтай нарийн танилцах шалгалтын явцад шаардлагаас хамаарч, тухайн виз мэдүүлэгчийг ЭСЯ-д биечлэн ирж ярилцлагад орохыг шаардах тохиолдол байж болохыг анхаарна уу.
- Виз мэдүүлгийн материалтай танилцах шалгалтын дүнд виз олгохоос татгалзсан хариу гарсан тохиолдолд ч гэсэн хариуг цахим шуудангаар илгээх ба татгалзсан шалтгааны талаар огт тайлбар хийхгүй болохыг онцгой анхаарна уу.
Визийн олголт (визийн хураамжийг төлөх)
- Виз мэдүүлгийн хариу болон визийн хураамжийн тухай цахим шууданг хүлээн авсныхаа дараа хугацаа алдалгүй ЭСЯ дээр биечлэн ирж виз мэдүүлгийн хураамжаа төлнө үү. Ингэхдээ тухайн виз мэдүүлэгч мөн гэдгээ нотлон харуулах үүднээс илгээгдэж очсон цахим шуудан болон гадаад паспортоо цонхон дээр шалгуулах шаардлагатай.
- Виз мэдүүлгийн хураамжаа төлөх цаг нь урьдын адил тухайн ЭСЯ-ны ажлын өдрийн үдээс хойш 14:30 – 16:30 цаг болно.
- Виз мэдүүлгийн хураамжаа төлөөгүй тохиолдолд цахим виз олгогдохгүй болохыг анхаарна уу.
Хураамжаа төлсний дараа тухайн виз мэдүүлэгчид цахим виз олгогдсон тухай мэдээ цахим шуудангийн хаягт нь илгээгдэнэ. Виз мэдүүлэгч нь тухайн илгээгдэж очсон цахим визийг хэвлэж онгоцонд суух үедээ үзүүлэх зэрэг зориулалтаар биедээ авч явах шаардлагатай.
Дэлгэрэнгүй мэдээлэлтэй https://www.mn.emb-japan.go.jp/itpr_ja/sashoonline20230327mn.html холбоосоор танилцана уу.