А.Амарсанаа: Хоббигоо солонгоруулж амьдралдаа цэнэг нэмэх дуртай
Шарын гол сумын арван жилийн хоёрдугаар сургуулийн 12-р ангийн сурагч А.Амарсанаа спорт, урлаг, график дизайн, оюуны болон үндэсний спортоор хичээллэдэг. Ааваасаа шатар тоглохыг сурсан жаахан хүү шоо эвлүүлэх хоббитой болж хөлөөрөө шоо эвлүүлдэг, хүний хөрөг зураг тун адилхан зурдаг байсан гэж ээж нь хүүгээрээ бахархан ярив.
12-р ангийн сурагч А.Амарсанаа амьд хөгжимд сонирхолтой хамтлагтай байсан бөгөөд сумынхаа соёлын төвийн тайзнаа мэргэжлийн уран бүтээлчидтэй зэрэгцэн хөгжим тоглож байна.
Дуу хөгжимд дуртай түүний хувьд бие хамгаалах урлагаар хичээллэж улаан бүс 2-р зэрэгтэй, үндэсний спорт сурын харваагаар хичээллэдэг төдийгүй өөрийнхөө уран бүтээлийг дүрсжүүлэхийн тулд график дизайн суралцаж байна.
Гурван үе дамжсан ойн инженер гэр бүлээс гаралтай түүний хувьд дэлхий ертөнц хувьсан өөрчлөгдөж, хүмүүс хөгжилд дэвшилд тэмүүлэх ч эргээд эх дэлхий байгальдаа тэмүүлэх учир хүн бүр байгаль хамгаалагч, эх дэлхийдээ ээлтэй нэгэн байхыг уриалж байсан юм.