Дарханы залуус 5Х5 сагсан бөмбөгийн 6 талбайд цагийн хязгаарлалтгүй тоглох боломжтой боллоо
Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнд “Дархан-60” цогцолборт 5×5 сагсан бөмбөгийн зориулалтын 6 талбайг өнөөдөр ашиглалтад орууллаа.
Шинэ талбайн нээлтийн үйл ажиллагаанд зориулсан тэмцээн зохион байгуулагдаж Дархан-Уул болон Сэлэнгэ аймгийн Ерөө, Хөтөлөөс ирсэн 33 багийн 198 тоглогч эрэгтэй, эмэгтэй төрөлд хурд хүчээ сорин өрсөлдлөө.
Орон нутгийн төсвийн 641 сая төгрөгийн хөрөнгө оруулалт, санхүүжилтээр 3х3 болон 5х5 зориулалтын олон улсын стандартад нийцсэн талбайг “ЭЭБО пропертиз” ХХК гүйцэтгэжээ.
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хүүхэд залуучууддаа зориулсан 3х3 сагсан бөмбөгийн талбайг нээж байсан бол ийнхүү 5х5 талбай спортод хайртай залууст нээлттэй болж цагийн хязгаарлалтгүй тоглох боломжтой болсон байна
Талбайн арчлалт хамгаалалтыг Дархан хотын соёл амралтын хүрээлэн хариуцан ажиллах бөгөөд хүүхэд залуус та бүхнийг шинэ талбайгаа ариг гамтай хэрэглэхийг уриалж байна.