Майдар эргэх ёслол боллоо
Хараагийн Дарь Эхийн Гэцогдаржаалин хийдээс Майдар эргэх их ёслолыг өнөөдөр зохион байгуулж байна.
Майдар бурхан нь Буддагийн ирээдүйн дүр бөгөөд энэ орчлонд Буддагийн үе дуусмагц Майдар бурханы үе эхэлнэ хэмээн үздэг. Майдар эргэх ёслол гэдэг нь Майдар бурхан залран ирж эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд тэдний амар амгалан оршихыг бэлгэдэн ач ивээлээ хайрлаж буйг харуулсан шашны зан үйл юм.
Алтан Майдар бурханыг ногоон морин тэргүүнтэй, хорол дөрвөн дугуйтай тэргэн дээр дэвжээ сэнтий засаж залаад хүрээ хийдээ нар зөв тойрон дөрвөн зүгт нь үдлэн эргэдэг. Ногоон морин тэргүүнт тэргэнд залсан Майдар бурханы баруун, зүүнд Додигалсан, Жадамба, Жамчой динаа, Алтангэрэл судруудыг Боди суврагын хамт залан, номт хувцас соёрхсон хоёр тахилч сүнтагийн хадгийн үзүүрийг Майдар бурханы зүрхэн тус уяад түмэн олноо адис хүртээж явдаг юм байна.
Энэхүү шашны зан үйл нь Майдар бурхныг урин залж цөвүүн цагийн зовлон бүгдийг амирлуулан сайн сайхан бүхнийг дэлгэрүүлэх тухайд Майдар бурхныг 4 зүг 8 зовхист нар зөв урин дуудан мөн Жамбын чого хурал хурдаг байна.