Хэсгийн ахлагч гэж цалинтай ухуулагч нар бэлдэж байна гэж шүүмжлэв

Энэ сараас эхлэн 250 өрх тутамд нэг хэсгийн ахлагч цалинтай ажиллах болсон.Олон нийтэд тодорхой ойлголт өгөөгүй энэ асуудал нь сонгууль дөхөөд цалинтай ухуулагч бэлтгэж байна гэх хардлага төрүүлж иргэдийн төлөөлөл шүгэл үлээж эхлэв.
Асуудлын гол нь сар бүр төсвөөс цалин авч ажиллах хүмүүсийг зуу зуугаар нь ямар ч сонгон шалгаруулалтгүй, олон нийтэд энэ ажлын байрны талаар зарлаагүй, багийн засаг дарга нар таньж мэддэг багийн иргэдээсээ томилон ажлуулахаар болсон нь шүүмжлэл, хардлага хоёрыг зэрэг дагуулж байна.
Дархан суманд 105 хэсгийн ахлагч ажиллана. Нэг хүний сарын цалин 650.000 төгрөг. Зөвхөн нэг сумын хувьд л гэхэд хэсгийн ахлагч нарын сарын цалин 68.000.000 төгрөг болж байна. Орхон, Хонгор, Шарын гол сумдын хэсгийн ахлагч нарын цалин дээрх тоон дээр нэмэгдэнэ.
Иргэдэд хүрч байгаа төрийн анхан шатны нэгжийн үйл ажиллагааг сайжруулахад хэсгийн ахлагчид тодорхой үүрэгтэй ажиллана гэж тайлбарлаж байгаа ч хаалттай байдлаар хэсгийн ахлагчдыг сонгосон нь асуудал дагуулав.