Орхон сумын ногоочид лууван хураах комбайнтай боллоо

Польш улсад үйлдвэрлэгдсэн лууван хураах комбайн нь өдөрт 2 га орчим талбайн ногоог хураах хүчин чадалтай бөгөөд дунджаар 60-80 хүний хийх ажлыг 3-4 хүн хийх боломжтой байна. Энэхүү техник нь тариаланчид техникжих, цаг хугацаа, хөрөнгөө хэмнэх гээд олон талын давуу талыг бий болгож байна.
ХАА-н үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор хэрэгжүүлж байгаа “Шинэ хөдөө” төсөл, Хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Дархан-Уул аймагт ХАА-н дундын баазыг байгуулсан байна. Энэхүү баазад тариалалт, арчлалт, хураалтад зориулсан зохих техникүүдийг өгсөн. Одоогийн байдлаар 8 трактор, 1 луувангийн комбайн болон бусад дагалдах хэрэгслүүдийг олгоод байна. Удахгүй дахин нэг комбайныг оруулж ирэхээр төлөвлөж байна.
ХАА-н газар тариаланг ийнхүү механикжуулах нь жилээс жилд тариалалтыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж ногоочид үзэж байна. Жил бүр ургац хураалт эхлэх үед ногоочдод хамгийн их тулгамддаг асуудал бол хүн хүчний хомсдол. Уг асуудлаас үүдэн ургац хугацаанаас оройтож чанарын хувьд сөрөг үр дагавар дагуулдаг гэж Орхон сумын иргэд Аймгийн Засаг даргатай уулзах үеэрээ онцолсон бөгөөд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр лууван хураах комбайныг Орхон суманд хүлээлгэн өгч өнөөдөр анхны туршилтын ажлаа амжилттай хийсэн байна.