Гурван талт гэрээ байгуулав – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

Гурван талт гэрээ байгуулав

УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Дархан-Уул аймгийн ЗДТГ, БНСУ-ын СӨҮЛ хотын ИХУА эмэгтэйчүүдийн их сургуулийн эмнэлэгтэй хамтран ажиллах 3 талт гэрээг өнөөдөр байгуулж харилцан ойлголцлын санамж бичигт УИХ-ын гишүүн Г.Дамдинням, аймгийн Засаг дарга Б.Азжаргал, ИХУА эмнэлгийн захирал Юн Ха На нар гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд Дархан-Уул аймаг төдийгүй Монгол улсын ард иргэдийг эмчлэх, боловсрол, судалгааны чиглэлээр хамтран ажиллах, харилцааг бий болгох, өргөжүүлэхийг зорьж байна.

Санамж бичигт: Дархан-Уул аймаг нь эрүүл мэндийн эрдэм шинжилгээ, судалгаа, инновацын чиглэлээр хамтран ажиллах, өвчтөн, үйлчлүүлэгчдийг оношилгоо, эмчилгээ хийлгэхээр EUMC руу илгээх зэрэг ажлуудыг хамтран хийнэ.

Дархан-Уул аймаг нь зайлшгүй эмчилгээ шаардлагатай хүнд хэцүү өвчтөнд эмчилгээг хийлгэх – хүсэлтийг илгээж эмчлүүлэх тохиолдолд өвчтөний тоог жилд 1-2 хүнээр хязгаарлаж, EUMC–ээс өвчтөнийг сонгон шалгаруулах замаар шийдвэрлэнэ. Дархан-Уул аймгийн өвчтөнийг давуу байдлаар дэмжинэ.

EUMC нь Санамж бичгийн хүрээнд илгээсэн өвчтөнүүдэд хамгийн сайн эмчилгээ үйлчилгээг түргэн шуурхай, найрсаг байдлаар үзүүлнэ.

Дархан-Уул аймаг нь өвчтөн, асран хамгаалагчдад үзүүлэх эмнэлгийн бус үйлчилгээний зардалд дэмжлэг үзүүлж болно, бусад зардлыг өвчтөн өөрөө хариуцна.

Дархан-Уул аймаг эмчилгээний зардал болон эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэхтэй холбоотой бусад зардалд дэмжлэг үзүүлэхэд EUMC-тэй хамтран ажиллана.

Эмнэлгийн сайн дурын үйлчилгээний цаг, хуваарийг оролцогч талууд харилцан тохиролцоно.

Эмнэлгийн сайн дурын үйлчилгээнд шаардлагатай эм, бэлдмэлийг бэлдэх, өвчтөнд сэтгэл хангалуун эмчилгээ үйлчилгээ үзүүлэхэд EUMC бүхий л бололцоогоо дайчлан ажиллана.

Дархан-Уул аймаг нь эмнэлгийн сайн дурын үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай орон нутгийн зардалд дэмжлэг үзүүлнэ.

Дархан-Уул аймаг дахь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор орчин үеийн эмчилгээ, оношлогооны чиглэлээр мэдээлэл солилцох, аймгийн эмнэлгийн ажилтнуудыг сургалт семнарт хамруулахад хамтран ажиллана.

Дархан-Уул аймгийн эмнэлгийн шилдэг ажилтануудыг сонгон шалгаруулж EUMC–т эмнэлгийн тусламж үйлчилгээ, эмчилгээ, оношлогооны чиглэлээр эрүүл мэндийн сургалт семнарт хамруулж болно.

Сургалтын төлбөрийг суралцагч өөрөө хариуцах бөгөөд санамж бичигт оролцогч талууд харилцан дэмжлэг үзүүлж болно. Сургалтын туршид EUMC-ийн дүрэм журмыг даган мөрдөнө.

Хамтарсан хөтөлбөрийн санхүүжилтийг зөвхөн сайн дурын үндсэн дээр Дархан-Уул аймгаас сонгогдсан УИХ-ын гишүүн/ Дархан-Уул аймаг (МУ) , Солонгос улс (БНСУ) болон хөтөлбөрт шууд оролцогчдын зөвшөөрөлтэйгээр хэрэгжүүлнэ.

Хамтарсан төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийн оролцоо, хувь хэмжээг харилцан ойлголцож тохирно гэж тусгажээ.

 

 

 

Холбоотой мэдээлэл

Back to top button