Дөрөв хоногт 8500 иргэн газар авах хүсэлт ирүүлжээ – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

Дөрөв хоногт 8500 иргэн газар авах хүсэлт ирүүлжээ

Хонгор сумын нутагт газар өмчлөх, эзэмших хүсэлтэй иргэдийн материалыг өмнөх өдрүүдэд хүлээн авсан. Тэгвэл газар аль хэсэгт, хэдэн иргэнд олгогдох, газар олголт яаж явагдах талаар Хонгор сумын засаг дарга Т.Атархишигээс тодрууллаа.

Т.Атархишиг: Иргэдийн хүсэлтийн дагуу 2023.10.12-2023.10.17-ны хооронд газар өмчлөх, эзэмших хүсэлтэй иргэдийн материалыг хүлээн авлаа. 4 хоногийн хугацаанд 8500 гаруй иргэний материал ирсэн. Газар эзэмших хүсэлтэй 4531, газар өмчлөх хүсэлтэй 4000 орчим өргөдөл ирсэн.

Бид ил тод, шудрагаар газар олголт хийхийн тулд программаар дамжуулан 200 гаруй иргэдэд Random-оор газар олгохоор болсон.

Иргэдийн хяналт оролцоотой, хэвлэл мэдээллийн байгууллагаар шууд дамжуулж /Live/ газрыг олгоно. Энэхүү 200 гаруй иргэнд олгох газар нь байршлаараа зулзагын гол орчимд 80, гурван шар орчимд 120 гаруй иргэнд олгох төлөвлөгөөтэй байна.

2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу өмнө нь 2023.04.01-2023.05.01 хүртэл иргэдээс газар эзэмших, өмчлөх материал авсан. Энэ хугацаанд 900 гаруй иргэний материал ирсэн. Эхний ээлжинд 180 иргэнд Зулзагын голд газар олгосон бол 2024 онд материалаа өгсөн иргэдээс 1000 орчим иргэнд газар олгохоор төлөвлөж байна.

Холбоотой мэдээлэл

Back to top button