НийгэмХураангуй мэдээ
Төрийн албан хаагчийн хүүхэд өвдсөн бол зайнаас болон богинсгосон цагаар ажиллах боломжтой
Дархан-Уул аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж Боловсрол, шинжлэх ухааны сайдын “Хичээл, сургалтын үйл ажиллагаанд зохицуулалт хийх тухай” А/554 дүгээр тушаал гарсантай холбогдуулан дараах шийдвэрийг гаргалаа:
- ЕБС-ийн хичээл, сургалтыг 2023.12.29-ний өдрийг хүртэл зайн, цахим хэлбэрээр зохион байгуулахтай холбогдуулан аймгийн хэмжээнд хичээлээс гадуур зохион байгуулдаг дугуйлан секцийн үйл ажиллагааг ямар нэг байдлаар хязгаарлахгүй,
- Цагийн хуваарь гарган сурагчдаа давтлагад хамруулах эсэхийг сайдын тушаалтай уялдуулан ЕБ-ын сургуулиуд өөрсдөө дотоод зохион байгуулалтаараа шийдвэрлэх,
- Дотуур байртай ЕБ-ын 6 сургуулийн байранд байгаа сурагчдын тоо судалгааг нарийвчлан гаргаж, цахим, зайн сургалтын үеийн хичээлийг тасралтгүй явуулах, байрны сурагчдыг эцэг эх, асран хамгаалагчдад нь гараас гарт хүлээлгэн өгөх,
- Гэртээ харах хүнгүй үлдэж байгаа бага насны хүүхдүүдийн судалгааг гаргаж, хүүхдүүдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж боловсруулан эцэг эх, асран хамгаалагчдад хүргэх, багш нар эргэх холбоотой ажиллах,
- Сурагчдын гар утсанд байршил тогтоох аппликейшн суулгах, E-Mongolia-Ekids цонхоор нэвтрэн мэдээллээ дамжуулах боломжийг хүүхдэд нээж өгөхийг эцэг эх, асран хамгаалагчдад зөвлөх, хамтран хэрэгжүүлэх,
- 1-5 ангийн хүүхэдтэй төрийн албан хаагчийн хүүхэд нь өвдсөн бол тухайн байгууллагын удирдлагууд үйл ажиллагаатайгаа уялдуулан ажилтнаа зайнаас болон богинсгосон цагаар ажиллуулах, нэн шаардлагатай нөхцөлд цалинтай чөлөө өгөх зохицуулалтыг дотооддоо хийх, үүнийг мөн хувийн хэвшлийн ААНБ-дад уриалах,
- Аймгийн хэмжээнд томуу томуу төст өвчний дэгдэлт сургалтын үйл ажиллагааг хязгаарлах түвшинд хүрээгүй учир СӨБ хэвийн ажиллуулах шийдвэрийг тус тус гаргалаа.