Ц.Бат-Эрдэнэ: Нарантуул захаас эхэлсэн бизнес үйлдвэртэй болоход минь хөтөлсөн
Анх урдаас ирсэн тэлээ Нарантуул зах дээр зардаг байсан. Арьсан бүс хийж эхэлсэн ах нарын бүтээгдэхүүнийг хараад монголын малынхаа арьсаар цэвэр арьсан бүс хийхээр шийдэж оёдлын машин аваад гэрээрээ тэлээ хийж эхэлсэн. Хүмүүсийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан өрхийн үйлдвэрлэл минь өргөжиж 20 жилийн хугацаанд тамирчид, том тэрэгний жолооч нар, цэрэг цагдаагийнхан авдаг зөөлөвчтэй нурууны бүс, арьсан тэлээг төрөл бүрээр нь хийдэг болсон.
Хүмүүсийн хэрэгцээ хязгааргүй спортын тавцанд алдраа дуудуулж байгаа тамирчид нурууны хамгаалалтын бүсээ захиалж, үндэсний дээлдээ нийцүүлэн Австралиас матрын арьс захиалж гоёмсог бүс хийлгэж, эх орныхоо бүтээн байгуулалтын салбарт ачааны хүндийг үүрч том тэрэгний жолооч нар нурууны хамгаалалтын бүсээ авна.
Захиалагчийн биеийн хэмжээнд тохируулан размераар бүсээ хийдэг болохоор биед нь тааламжтай байдаг. Бүс авсан хүмүүс эргэж ирээд бүсээ тайлж чадахаа больсон үнэхээр эерэг үр дүнтэй байгаа гэдгийг сонсох бүрдээ урам авч илүү сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг хичээдэг.
Үйлдвэрлэгч улс болохын тулд бид хүн бүр чаддаг чаддаг зүйлээ хийгээд сайжруулаад явах нь айлаас эрхээр авдраа уудалж буй эхний алхам юм.
Буянт малынхаа арьс ширийг бүтээгдэхүүн болгож эх орондоо төдийгүй хилийн дээс алхуулан эх орноо сурталчилж байгаа бүтээлч, хөдөлмөрч хүмүүсийн хичээл зүтгэлд талархъя.