Хонгор сум: Газар эзэмших, өмчлөх хүсэлтээ төрийн байгууллагат гаргаагүй тохиолдолд үүсэх үр дагаврыг хариуцахгүй болохоо мэдэгдэж байна – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

Хонгор сум: Газар эзэмших, өмчлөх хүсэлтээ төрийн байгууллагат гаргаагүй тохиолдолд үүсэх үр дагаврыг хариуцахгүй болохоо мэдэгдэж байна

Хонгор сумын Засаг даргын Тамгын газраас мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэл

“Хонгор сумын Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд туссан байршилд газар эзэмших болон өмчлөхтэй холбоотой газрын өргөдлийг хувь иргэн төрийн байгууллагын ажилд хөндлөнгөөс оролцож, чиг үүргийг хэрэгжүүлэх тухай мэдээлэл цахим орчинд тархаж буйтай холбогдуулан дараах мэдэгдлийг гаргаж байна.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 9.1.2 дахь хэсэгт заасанчлан аймаг, нийслэлийн саналыг үндэслэн тухайн жилд улсын хэмжээнд иргэдэд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг Засгийн газар тогтоох бөгөөд 2024 онд иргэдэд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг тогтоосон Засгийн газрын тогтоол одоогоор гараагүй байна. Иймд дээрх шийдвэр гарсны дараа газар эзэмших болон өмчлөх хүсэлтэй иргэдийн өргөдлийг авч эхлэх юм. Мөн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2021 оны А/187 дугаар “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 5.6 дахь хэсэгт аймаг, нийслэл, дүүргийн газрын алба, сумын газрын даамал,

Чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба, иргэн, аж ахуй нэгж, байгууллагаас гаргасан хүсэлтийг цахимаар харьяаллын дагуу хүлээн авна, мөн иргэний үнэ төлбөргүйгээр газар эзэмшихээр гаргасан хүсэлт цахим системээр бүртгэгдсэн огноогоор дарааллын дагуу эрэмбэлэгдэхээр зохицуулагдсан байх тул иргэдээс газар эзэмших болон өмчлөх хүсэлтийг 2024 оноос эхлэн цахимаар хүлээн авч шийдвэрлэх тухай Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас чиглэл өгөөд байна. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дэх хэсэгт заасанчлан Монгол Улсын иргэн дангаар буюу хамтарч төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах эрхийнхээ дагуу иргэн та газар эзэмших, өмчлөх хүсэлтээ төрийн байгууллага, холбогдох мэргэжилтэнд гаргахыг хүсье.

Албан ёсоор төрийн байгууллага, холбогдох мэргэжилтэнд гаргаагүй өргөдлийг шийдвэрлэхтэй холбоотой үүсэх үр дагаврыг төрийн байгууллага хариуцахгүй болохыг мэдэгдье. ХОНГОР СУМЫН ЗДТГ” гэв.

Холбоотой мэдээлэл

Back to top button