Уран дархан Н.Мөнгөнбаяр их 6 ханатай, бүрэн тавилгатай гэрийг анх удаа алт мөнгөөр шармалдан бүтээжээ – Цэц.МН
НийгэмХураангуй мэдээ

Уран дархан Н.Мөнгөнбаяр их 6 ханатай, бүрэн тавилгатай гэрийг анх удаа алт мөнгөөр шармалдан бүтээжээ

Миний өвөг эцэг гуулин Баасан гэж уран дарханы үйлээрээ нутаг усандаа гайхагддаг хүн байлаа. Өвөөгийн маань бүтээлүүд одоо Баянхонгор аймгийнхаа музейд хадгалагдан үлдсэн байдаг гэж уран дархан Н.Мөнгөнбаяр яриагаа эхэлсэн юм.

Анх эвтэй дөрвөн амьтан бүтээж Канадад болсон олон улсын үзэсгэлэнд түрүүлж байсан нь түүний хамгийн анхны амжилт байжээ. Бүтээл бүр нь цор ганц байх бөгөөд монгол ахуй бэлгэдлээ шингээн уралдаг болохоор алт мөнгөн шармал, бүрэн тавилгатай монгол гэр анх бүтээсэн нь олны анхааралд өртөж АСЕМ-ын үеэр нүд хужирласан байдаг. Хятадын эртний эдлэлийн үзэсгэлэнд санамсаргүйгээр өөрийнхөө бүтээл архины иж бүрдлийг хараад гайхсан тухайгаа уран дархан ярина. Түүний хийсэн бүтээлүүдийн ийнхүү дэлхийн өнцөг булан бүрд гайхагдан шагшин магтаж байна.

Монгол ахуй, билэгдлээ шингээж урлахыг зорьдог болохоор миний бүтээлүүд захиалагчдын сэтгэлд зуун хувь нийцдэг гэж тэрээр ярив. Хэт хутга гэхэд аль нутаг усны хүн гэдгээс нь хамаарч урлахыг хичээдэг гэв.

Их зургаан ханатай гэр тавилгатай нь бүтээхдээ хоёр жилийн хугацаа зарцуулсан бөгөөд зөвхөн 88 унинд 200 гаруй хээ нэг бүрчлэн гараар хийжээ. Хүч хөдөлмөр шингэсэн уран дарханы тансаг бөгөөд чамин бүтээл өнөөдөр ч олны мэлмийг баясгаж байна.

Бүтээлд бүрдээ хайртай гэж хэлэх түүний хувьд сар шинийн босгон дээр 2метр гаруй өндөр гүнгэрваа бүтээжээ. Алт мөнгөөр шармалдсан гүнгэрваа бүтээхдээ бурхны хамгаалалт болж байх ёстой бүхнийг агуулсан байна. Асар их хөдөлмөр шингэсэн энэ бүтээлээ билэг дэмбэрэл бүхий сайхан зүйл хийе гэж удаан бодсоны эцэст дүүргэжээ.

Үе дамжсан уран дарханы гар хийцийн бүтээлүүд эх дэлхийн өнцөг булан бүрд эх орныхоо нэрийн хуудас болж байна.

Холбоотой мэдээлэл

Back to top button