Дарханыг хотын статустай болгосноор бүс нутагт бизнесүүд хурдтай тэлнэ
Г:Дамдинням: Бид Дарханыг улсын чанартай хот болгох суурь дэд бүтцийг шийдвэрлэсэн. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнгөрсөн баасан гаригт хэлэлцлээ. Уг хуулийн төсөл батлагдсанаар Дархан улсын чанартай хотын статустай болж, хөгжлийн бодлогоо тодорхойлох, бие дааж шийдвэр гаргах эрх үүргээ гартаа авах юм.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням дээрх ач холбогдлыг тодотгож, хуулийн төслийг хэлэлцүүлэхэд байр сууриа хэлсэн байна. Уг хуулийг тэсэн ядан хүлээж байгаа аймгуудын нэг бол Дархан хот. 1992 оноос хойш аймаг гэдэг статустай явж ирсэн. Олон жил яригдсаны эцэст улсын чанартай хот болж шийдэгдэх боллоо. Өнгөрсөн хугацаанд төвийн бүсээс сонгогдсон гишүүд Дарханы дэд бүтэц, зам харилцаа, цахилгаан дулааны эх үүсвэр, цэвэрлэх байгууламж зэрэг бүтээн байгуулалтад нэлээн анхаарал хандуулсны үр дүнд хотын хүн ам нэмэгдэж, өргөжин тэлэхэд суурь нөхцөлүүд хангалттай бүрдсэн.
Одоо хоёр л асуудал тулгарч байна. Эхнийх нь газрын асуудлыг хэрхэн шийдэх. Мөн Дарханд хөрөнгө оруулалтыг бий болгож, татварын зохицуулалтыг бие дааж шийдэх замаар ажлын байрыг нэмэгдүүлэх ёстой. Энэ талын зохицуулалт, боломжуудыг бүрдүүлж өгөх хэрэгтэй байна гэдгийг онцолжээ.
Уг асуултад Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар тодорхой хариулт өгч, Г.Дамдинням гишүүний хүсээд байгаа эрхзүйн зохицуулалтуудад анхаарч, хуульд тусгаж буйг тайлбарлалаа. Тодруулбал, тухайн хотын иргэд нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрүүдийг харьцуулан уралдуулж хотын захирагчаа өөрсдөө сонгоно.
Хот өөрийн хөгжлийн бодлого төлөвлөлтөө тодорхойлон, татварын орлогоо төвлөрүүлэн дахин хуваарилах эрхтэйгээр ажиллах боломж бүрдэнэ. Үүний тулд хотынхоо тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлж, эдгээр чиглэлийн бизнесүүдийг дэмжихийн тулд татварын хөнгөлөлт үзүүлэх зэрэг боломжууд нээгдэнэ.
Тухайлбал, газар тариалангийн салбарыг дэмжихийн тулд техник тоног төхөөрөмж шинээр худалдан авахад татварын хөнгөлөлт үзүүлэх эрх нь хотын удирдлагуудад нээлттэй. Мөн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, борлуулалтыг дэмжихэд чиглэсэн татварын хөнгөлөлттэй бодлогуудыг хэрэгжүүлэх эрхтэй байна. Ингэснээр бизнес эрхлэгчид Дарханд үйлдвэр, үйлчилгээгээ байгуулах, шинэ бизнесүүд хөгжсөнөөр ажлын байр нэмэгдэж, дарханчуудын цалин орлого нэмэгдэж, амьдралын чанар богино хугацаанд эрс сайжрах нөхцөл бүрдэнэ.